УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж, хуралдааны төгсгөлд олны анхааралд ороод буй дипломатуудын холбогдсон хэргүүдийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийхээр товлогдсон юм.

Тодруулбал, 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар яг одоо Гадаад харилцааны сайд мэдээлэл өгч байгаа юм.

Хуралдаан сайдын мэдээллээр хаалттай үргэлжилж, Төрийн ордны “Г” танхимын дэргэд хамгаалалтын албаныхан ажиллаж байна. Байнгын хороогоор уг асуудлыг хаалттай хэлэлцэх болсныг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд ”Монголын парламент хэзээ болтол Монголын нэр төрийг гадаад ертөнцөд унагасан асуудлыг нуух юм бэ. Сүүлийн үед иймэрхүү асуудлыг хаалттай хэлэлцдэг боллоо. Монгол улсын эрх зүй чадамжийн асуудал яригдах учраас нуулгүй ил тод мэдээлэх ёстой. Хар тамхины мафийн сүлжээ дэндсэн, мэргэжлийн хүн Гадаад харилцааны яаманд ажиллах боломжгүй болсон. Юм яривал цааш нь харуулна, хонгил руу чирнэ. Бид ямар хүний сүлжээ байдгийг мэднэ, ил зарламаар байна” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ГХЯ-ны хийсэн мэдээллээс ихэнх зүйл тодорхой болчихсон учраас нэгэнт шившгээ дэлгэчихээд юуг нь хаалттай хэлэлцэх гээд байгаа юм бэ. Нээлттэй хэлэлцэх хэрэгтэй” гэв.

Харин УИХ-ын гишүүн Аюурсайхан “УИХ-ын тухай хуулийн 29.1 дүгээр зүйл дээр Төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэнэ гэж тодорхой заасан байгаа. Мэдээж хаалттай хуралдааны явцад гишүүд асуултаа асууна, саналаа хэлнэ, ГХЯ-ны хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар ярилцана. Энэ томилгоог хэн хаанаас хэнийг яаж хийгээд байна гэдгийг ярилцана. Дипломат төлөөлөгчийн газрууд, Ерөнхий консулын газруудын ажилтнууд, албан хаагч тэргүүтнүүд хэн хаана яаж ажлаа хариуцдаг гэх мэт асуудлуудыг ярилцана. Үүний дотор өнгөрсөн хугацаанд одоог хүртэл ямар асуудалд яаж нэр холбогдоод байна гэдгийг нэлээд нухацтай ярилцана. Мэдээж тагнуул, цагдаагийн байгууллагуудын ажиллаж байгаа үйл ажиллагааны талаар мэдээллийг сонсоно. Цаашдаа гэмт этгээдүүдийг илрүүлэхтэй холбогдуулж хамтын ажиллагааны арга техникийн асуудлууд болон бусад асуудлууд Төрийн нууцтай холбогдуулж явж байгаа учраас, мөн түүнчлэн сайдын хийх мэдээлэл нууцын зэрэглэлтэйгээр Байнгын хороонд ирсэн байгаа. Тийм учраас хууль тогтоомжийн дагуу хуралдааныг хаалттай үргэлжүүлнэ” гэлээ.

Ийнхүү хуралдаан хаалттай горимд шилжиж, Гадаад харилцааны сайдын мэдээлэх хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын хэргүүдийг гишүүд нууцаар сонсохоор болсон юм.

Д.Цогтбаатар сайд саяхан ярихдаа:

-Намайг 2008 онд Гадаад харилцааны яаманд төрийн нарийн бичгийн албан тушаалд ирэхэд тамхины наймааны асуудал түгээмэл болчихсон байсан. 2018 оны эцэст мөн л мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэсэн гэх асуудал гарсан.

2009 онд тусгай шийдвэр гаргаж энэ хүмүүстэй тэмцэх шинэ систем боловсруулж, шинэ гэрээ байгуулж, нэвтрүүлсэн. Энэ гэрээнд хар тамхи болон хууль бус аливаа нэгэн наймаанд Монгол Улсын дипломат оролцсон хүнийг буцаан татаж, орны хүнийг явуулна. Өөрийг нь болон гэр бүлийг явуулсан зардал мөнгийг гаргуулна. Мөн Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд учруулсан хохирлыг нэхэмжилнэ гэдэг асуудал багтаасан.

Монгол Улсын дипломат албаны нэр хүндийг нэхэмжилнэ гэдэг бол зөөж явсан хар тамхи, хууль бус барааных нь хэмжээний мөнгийг төрд олгуулах юм. Тэгэхээр тэр бизнес нь ашиггүй болж байгаа юм.Хэрэг гарсантай холбоотойгоор Европт, Туркт байгаа Элчин сайдын яамдыг шалгана.

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг эгүүлэн татах тухай өөрт нь мэдэгдсэн. Тэнд хэрэг үүсээд шалгагдаж байхад нь бид дипломат эрх ямбаар хамгаалаад эгүүлэн татаж болохгүй. Хэрэв тэгвэл бид ард нь зохион байгуулж, оролцоод байгаа юм шиг байдал үүснэ шүү дээ. Бид тэнд нь шалгуулах үйл ажиллагаанд саад болохгүйн үүднээс тайлбар өгөх хэмжээнд эрх ямбыг нь нээж өгч байгаа гэж хэлж байсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн