Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор явган хүний замыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хайс, хашааг буулгах ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг өнгөрсөн оны есдүгээр сараас эрчимжүүлж, мөн иргэдийн мэдээллийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд тухайн байршилд очиж, судалгаа хийн, шаардлагатайг нь буулгаж ажиллаж байна.
Өнгөрсөн онд гэхэд иргэдийн мэдээллийн дагуу явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэргийг чөлөөлсөн байна. Харин энэ оны хувьд явган хүний замыг чөлөөлөх ажил өнгөрсөн сарын 11-нд эхэлж, одоогоор нийт 72 байршлын 117 объектыг чөлөөлжээ. Сүүлийн үед хийсэн ажлуудаас тухайлан дурдвал, Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Мандухай” зочид буудлын хашааг, Баянгол дүүргийн VIII хороо. 77 дугаар сургуулийн баруун болон баруун хойд талын явган хүний замыг хааж, зөвшөөрөлгүй байрлуулсан гурван гаражийг буулгажээ. Мөн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт барилгын ажлыг эхлүүлэхээр эвдэлсэн дугуйн замыг өнгөрсөн долоо хоногт засаж дуусгасан байна.
Энэ мэт ажлын үр дүнд 86 хашаа, хаалт, 10 ТҮЦ, 11 гараж, чингэлэг, 2 бетон хаалт, 8 өргөтгөлийг чөлөөлөөд байна.