Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас төрийн өндөр албан тушаалтан болон тэдний ах, дүү, хамаатан саданд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон дуулиан өнгөрсөн жилийн аравдугаар сард дэгдсэн. Түүнээс хойш тус сангаас олгох зээлийг түр зогсоож, журмыг нь шинэчлэх болсон юм. Журмыг шинэчлэн боловсруулж, мөрдөхөд бэлэн болсныг ХХААХҮ- ийн сайд Ч.Улаан өчигдөр мэдээллээ.
Тэрбээр “ХХААХҮ-ийн сайд зээл олгох шийдвэр гаргадаг байсныг шинэчилсэн журамд өөрчилж, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах боллоо. Мөн төрийн албан хаагчдад их хэмжээний зээл олгосон гажуудлыг засахад онцгой анхаарсан. Тиймээс УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компани, аймаг, сумуудын удирдлага болон тэдний гэр бүлийнхний хувьцаа эзэмшдэг компанид зээл олгохгүй байхаар заалт нэмсэн” гэлээ.
Түүнчлэн төсөл сонгон шалгаруулах товыг улс даяар зарлаж, олон нийтэд ил тод шалгаруулах болсон байна. Энэ оны сонгон шалгаруулалтад оролцох төслийг тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10 хүртэл хүлээн авах бөгөөд шалгарсан аж ахуйн нэгжүүд болон хувьцаа эзэмшигчдийнх нь нэрийг олон нийтэд зарлах аж. Тус сангаас олгодог зээлийн доод, дээд хязгаарыг 20 саяас нэг тэрбум төгрөг байхаар тогтоожээ.