Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн албанаас автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд өнөөдрөөс эхлэн хяналтын үзлэг, шалгалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 495 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа гэнэ. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн дагуу зургаадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй. Гэсэн ч өнөөдрийн байдлаар 300 мянга гаруй авто машины эзэн тээврийн хэрэгслийн албан татвараа төлсөн. Харин 195 мянган авто машин албан татвараа төлөөгүй байгаа гэж Нийслэлийн татварын газрын Орлого бүрдүүлэлтийн газрын дарга С.Цэрэнжамц мэдэгдлээ.
Тээврийн цагдаагийн газар Нийслэлийн есөн дүүрэгт 15 цэгт 30 гаруй байцаагч ажиллуулж, 20 хоногийн хугацаанд хяналтын үзлэг шалгалт хийх гэж байна. Өнөөдрөөс эхлэх шалгалтаар техник хэрэгслийн оношилгоонд хамрагдаж, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг тусгай төхөөрөмж ашиглан илрүүлэх ажлыг хийх аж.
2019 онд автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамж төлөгчид улсын төсөвт 24.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх ёстой юм байна. Зургаадугаар сарын 1-ний байдлаар энэ төлөвлөгөө 81.9 хувьтай буюу 20.6 тэрбум төгрөгийн биелэлттэй явж байгаа аж
Нийслэлийн татварын газрынхан хэлэхдээ: Татвар төлөгч цахим орчноор төлөх бололцоог хангаж ажиллаж байна. Хуучин татвар төлснийг гэрчилдэг байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг QR кодтой болгож шинэчилсэн.
Тиймээс тухайн тээврийн хэрэгслийг замын цагдаа нар газар дээр нь татвар төлсөн төлөөгүйг нь мэдэх бүрэн боломжтой. Жолоочид уг гэрчилгээгээ хэвлэж аван, өөртөө авч явсан тохиолдолд татвар төлснийг нь батлах юм.
Хяналт шалгалтын үеэр бичиг баримтаа хураалгаад ирж буй тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Харин өнөө маргаашийн дотор сайн дураараа Автотээврийн үндэсний төвийн татвар хураадаг цэгүүдэд болон E-tax.mta.mn цахим хаягаар төлсөн тохиолдолд асуудал үүсэхгүй” гэж байна.
Мөн Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Эрдэнэсүх: Татвар төлөх нь Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлэгт орсон дүрмээр зохицуулагдсан асуудал. Иймд жолооч нар цаг тухайд нь татварын асуудлаа шийдчихвэл цаашдын үйл ажиллагаа нь асуудалгүй явагдана. Хэрвээ татвар төлөхгүйгээр хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллаж буй энэ үед холбогдох байгууллагууд руу нь шууд шилжүүлэн ажиллана гэж мэдэгдэв.
Тээврийн хэрэгслийн албан татвар, дагалдах төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.5.1,11.19.14-т заасны дагуу Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.
Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч та өөрт ойр байрлах дурын татварын албанд төлөх эсвэл Татварын ерөнхий газрын цахим сайт e-tax.mta.mn хуудсаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой юм байна.