АН-ын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Д.Эрдэнэбат “АН-ын зөвлөл хуралдаж хоёр үндсэн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ Баасан гарагаас хэлэлцэж эхлэх гэж байна.
АН-ын зөвлөл Үндсэн хуульд өөрчөлт оруулах цаг үеийн шаардлага байна гэж дүгнэж байсан. Харин Үндсэн хуулийн өөрчлөхөд гурван гол шаардлага байгаа гэдгийг эрх баригчдад анхааруулж байсан байр суурь хэвээрээ байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард нийтийн саналыг авах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг хэлэлцэхийн өмнө Их хурлын нэр хүндийг унагаад байгаа асуудлыг заавал нэг тийш болгох ёстой. Гуравдугаарт, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад бид ажлын хэсэгт тодорхой байр суурь илэрхийлнэ гэж байсан. Энэ байр суурь маань өнөөдөр хэвээр байгаа.
Үнэмлэхүй олонхын саналаар Үндсэн хууль өөрчилж болох уу үгүй юу гэдэг асуудал эргэлзээ дагуулж байгаа. Бид өмнө нь ард нийтийн санал асуулга явуулна гэж байсан бол өнөөдөр ард нийтээрээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах ёстой гэдэг шаардлага тавьж байна. Гэвч энэ Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байгаа. Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг авсан уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Нэгэнт үнэмлэхүй олонхоороо хэлэлцэж байгаа учраас АН хэлэлцүүлэгт оролцоно.
Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөл Монгол Улсад ажилласан. Энэ үеэр АН-ын зөвлөл уулзаж, С.Зоригийн амь нас хохирсон хэрэг болон Г.Батхүү агсны хэргийн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн.
АН С.Зориг агсны хэргийг илрээсэй, зөв шударга шийдэгдээсэй гэдэг байр суурин дээр байсаар ирсэн. Эрх баригчид С.Зориг агсны хэргээр 2-3 удаагийн сонгуулиар шоудсан. Энэ байдал одоо дахин давтагдах вий гэсэн болгоомжлол байна.
Г.Батхүү агсны асуудал өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд явж байна. Асуудлыг учир битүүлэг байдлаар шийдэх гэж байна. Дахин нэг нотлогдохгүй хэрэг болчих вий. Урьдчилсан байдлаар Г.Батхүү агсны зүрх нь зогсоогүй, тархины цус харвалт болоогүй нь тогтоогдсон. Тиймээс хөндлөнгийн ямар нэгэн нөлөөтэй байгаа асуудалд бид зайлшгүй анхаарал хандуулах ёстой.
Энэ хоёр хүн хоёулаа ардчиллын төлөө явсан. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг тогтооход АН-аас өөр дуугарах газар байхгүй.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд орох өргөдлөө өгч байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
–О.Баасанхүү гишүүн бидэнтэй албан бусаар уулзахдаа АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллая гэж ярьсан нь үнэн. Гэхдээ бидний хувьд О.Баасанхүү хувь гишүүнийхээ хувьд хүсэлт тавьж байна уу, намаа төлөөлж хүсэлт тавьж байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Өнөөдрийн байдлаар АН-ын зөвлөлд хүсэлтээ ирүүлээгүй байгаа гэв.