Умард Ирландын иргэн Кейтлин Хоррокс танилынхаа бүдүүлэг шүүмжлэлээс болж 60 орчим килограмм жин хаяжээ. Энэ тухай “Дэйли мэйл”-д мэдээлжээ.
19 настай Хоррокс бүсгүй нэгэн үдэшлэг дээр гэр бүлийнхээ нэгэн найзтай таарчээ. Тэр найз нь маш их турсан байжээ. Танил бүсгүй нь нэгэн цагт өөр шиг нь “аварга” амьтан байсан гэсэн байна. Бүсгүй ч найзынхаа хэлсэн үгэнд сэтгэлээр маш их унаж, илүүдэл жинтэйгээ тэмцэхээр шийджээ.
“Яг тэр үед би хэдэн килограмм жинтэй байснаа ч мэдэхгүй. Ямар ч байсан жилийн өмнө л үзэхэд 146 килограмм байсан санагдана. Тийм болохоор тэрнээс ч илүү байсан биз” хэмээн Хоррокс ярьжээ.
Ингээд 5 сарын дотор 57 килограмм хаяв. Гэвч бүсгүй илүү гоолиг болохыг эрмэлзэж, эрүүл мэндээ тэр чигт нь хаяжээ. Бүсгүй өдөрт авах ёстой 1500 кккал илчлэгийнхээ оронд 700 ккал л илчлэг авч байсан гэнэ. “Үүнээс илүү идэх юм бол хүчээр бөөлжиж гаргадаг байлаа” гэж тэрбээр ярьсан байна.
Байнгын өлсгөлөнд орсон Хоррокс өдөрт их идэж, тэр хэрээрээр өдөрт 10 гаруй удаа бөөлжиж гаргадаг болов.
Танилууд нь бүсгүйг маш их турсныг шагшин магтаж байхад түүний бие улам л муудаж байлаа. 2019 оны дөрөвдүгээр сард тэрбээр байнга бөөлжсөнөөс болж цусан дахь фосфатын түвшин нь унасан асуудлаар эмнэлэгт хэвтэв. Эмч нар түүнийг хоолны дэглэмээ өөрчлөхгүй бол хэдхэн сар л амьдарна гэдгийг анхааруулсан байна. Энэ үеэс охины үс унаж, цус багадалтад орж, буйл нь өвчилж, мөн булимия буюу байнга бөөлждөг болжээ.
“Зөвхөн туранхай хүн л хоол тэжээлийн асуудалд ордог гэж боддог байсан минь худал байжээ” хэмээн тэрбээр ярьсан байна. Одоо Хоррокс эрүүл мэнддээ анхаарч, найз залуутайгаа хамт зааланд хичээллэхээр бэлтгэж байна.
Эх сурвалж: ria.ru