Амралт, зугаалгын улиралд “нозоорсон” монголчууд найр наадамдаа бэлдээд завгүй байхад төгрөгийн ханш хэрхэн өөрчлөгдөж буй нь олон улсын анхаарлын төвд хэвээр байна. Байгалийн нөөцөөрөө дэлхийн биржүүдэд танигдаад удаагүй манай улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд нүдэнд нь тусдаг зүйл нь яах аргагүй валютын ханш. Улаанбаатарт цутгасан доллар болгон нь хэр их үнэ цэнэтэй байхын наад, цаадахыг бодолцохын тулд тэр. Ерөнхийдөө төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Өчигдөр Улаанбаатарын цагаар 10:49 цагт Худалдаа хөгжлийн банкны цахим хуудаст дурдсанаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,648 төгрөг болсон байв. Харин Монголбанкны цахим хуудаст төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,652.13 болсон байлаа.
Ам.доллартай харьцах төгрөгийн ханш өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа 2,650 буюу хамгийн дээд цэгтээ хүрснийг санхүүгийн мэдээллийн “Walletinvestor.com”-д бичжээ. Тэгвэл үндэсний валют маань америк мөнгөн дэвсгэртийн эсрэг 1996 оны есдүгээр сард хамгийн чанга буюу 601 төгрөгтэй тэнцэж байж. “Бидний урт хугацааны таамаглалаар 2024 оны зургаадугаар сарын 1-нд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3,094.420 төгрөг болно” хэмээн тус сайтад онцолсон байлаа.
Ямартаа ч гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөнийхөө үүцийг бэлтгэхэд таатай улсын жагсаалтад Монгол Улс багтаж байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш тогтвортой байгаа, цаашлаад оруулсан хөрөнгө нь нэмэх тэмдгээр илэрхийлэгдэх нь.
Төгрөгийн ханшид нөлөөлж буй зүйлс
“2016 оны долоодугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 хувиар суларсны 23 нэгж хувийн сулралт нь 2016 оны сүүлийн таван сард бий болсон. Тухайн үед гадаад валютын улсын нөөц (ГВУН) шавхагдсан, улсын төсөв өндөр алдагдалтай байсан тул Монгол Улс дотоод нөөц бололцоогоороо эдийн засагт үүссэн аливаа гэнэтийн сөрөг нөлөөг зөөлрүүлэх боломж хязгаарлагдмал байлаа” гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлжээ.
Монголбанкнаас шат дараатай авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өдрийн дундаж хэлбэлзэл сүүлийн хоёр жилийн байдлаар өмнөх жилүүдийн дунджаас 55 хувиар буурчээ. Монгол Улс 2021 оноос эхлэн их хэмжээний гадаад өр төлбөрийг барагдуулна. Нийтдээ зээл, бондуудын үндсэн төлбөрт Монголын төр 8.6 тэрбум ам.доллар, хүүгийн төлбөрт 1.4 тэрбум ам.доллар буюу ирээдүйд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр 10 тэрбум ам.доллар байна.
Уг өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар Монголбанк судалж, эдийн засагтаа аль болох сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна гэж тэрбээр мөн онцолсон байлаа.
Монгол Улсад тулгарч болох эрсдэл
Олон улсын 350 гаруй шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэсэн мэдээллээ цахим орчинд түгээдэг “marketresearch.com” сайтад Монгол Улсын санхүүгийн зах зээлд хоёрдугаар улиралд тулгарч болох эрсдэлүүдийг тоймлосон байв. Үүнд онцолсон зарим сэдвээс онцлон хүргэж байна.
Дараагийн хэдэн улиралд Монгол Улсын хууль тогтоогчид парламентын төвшинд хүндхэн нөхцөл байдалтай тулгарч мэдэх юм. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүдийн холбогдсон санхүүгийн маргаан одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгааг энд онцлох хэрэгтэй. Энэ зуур Монгол Улсын Хятадтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа өндөр төвшинд байсаар байх нь. Далайд гарцгүй улсын хувьд Монгол Улсад Бээжин худалдааны хамгийн том хамтрагч хэвээр байна.
2017 оноос эхлэн ажиглагдаж буй сэргэлт нь бидний тооцоолж байгаагаар эдийн засгийн өсөлт авчирч, улмаар хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхээр байна. Гадаад нөхцөл байдал сайжрахтай хамт удаашраад байсан хувийн хэвшлийн хэрэглээнд өсөлт ажиглагдах нь.
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сул хэвээр байх төлөвтэй байна. Өсөн нэмэгдэж буй инфляц, худалдааны идэвхгүй байдал зэрэг нь үүнд нөлөөлсөн хэвээр байх нь.
Хүлээлт ба ойрын ирээдүй
Оюутолгой уурхайн далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгойн нүүрсний ордын тээвэрлэлт зэрэг нь хөрөнгө оруулалтыг “амь оруулах” хамгийн чухал хэсэг нь болж буйг “marketresearch.com” дурджээ. Энэ төслүүд удаашрах нь хамгийн том эрсдэлийг бий болгоно гэж шинжээчид үзэж байна.
Дараагийн нэг аюул бол Хятадын эдийн засгийн удаашрал юм. Дэлхийн хамгийн том эрэлтийг үүсгэж буй энэ улсын Монголоос авах бараа бүтээгдэхүүн, ашигт малтмалын импорт багассанаар Улаанбаатарын мөнгөний урсгалыг хаах нь дамжиггүй. “Уул уурхайн томоохон хоёр төсөл нь хойшлох тусам Монгол дахь бизнесийн орчин доройтож, үүнтэй зэрэгцээд санхүүгийн боломжууд хязгаарлагдсанаар хөрөнгө оруулагчдын итгэл ч багасах юм.
Улмаар Төв банк банкны системээ хамгаалж, төгрөгийн ханшийг хадгалахын тулд бодлогын хүүгээ нэмэхээс аргагүйд хүрэх магадлалтай” гэж энэ тоймд онцгойлон дурджээ.
Бидний одоогийн нөхцөл байдал
Энэ онд Монголбанкнаас инфляцыг найм орчим хувьд барихаар төлөвлөсөн. Тэгвэл инфляц улсын хэмжээнд долоон хувьтай байгаа бол бодлогын хүү 11 хувьд тогтжээ.
Оны эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 8.6 хувьд хүрсэн байна.
“Цаашдаа эдийн засгийн өсөлтөд тогтвортой чанар), хүртээмжтэй чанар хоёрыг онцгой анхаарах, бизнес, хөрөнгө оруулалтын орчны реформ хийх (зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулах, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал гэх мэт) асуудал 2019-2020 оны гол, хойшлуулшгүй зорилт юм” хэмээн Монголбанкны цахим хуудаст дурдсан байлаа.
Эх сурвалж: