УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

Хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод баригдсан БНТУ-ын Истанбул  дахь Консулын газрын  дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын дуулиан замхараагү байхад Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ урд хөршид гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл тарж эхэллээ.

Д.Мөнх-Эрдэнэ Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа. Тэрээр Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртжээ.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан аж.

Хамгийн эхлээд тэр 2016 оны долдугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашиныг  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлжээ.

Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Цагдаагийн байгууллага 2018 оны 4-5-р сард “Lexus -570” маркийн хоёр автомашинд дипломат А17889, А9901 дугаарыг зүүж хууль бусаар хятад иргэдэд худалдсан гэх асуудлаар шалгагдаж байгаа аж.

Эрээн хотын  хил,  гаалийн ажилтнууд Ерөнхий консулын зарсан автомашин хууль бус эд зүйлс, иргэдийг зөөдөг болсон талаар мэдээлэл өгч, улмаар  БНХАУ-ын шалган нэвтрүүлэх байгууллагууд өнгөрсөн жилээс эхлэн Бээжин дэх ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн дахь Консулын газрын автомашиныг хилээр орж гарах үед нь нарийвчлан шалгадаг болжээ.

БНХАУ-ын хууль сахиулах байгууллагынхан Монгол Улсын дипломат дугаартай автомашиныг худалдан авсан иргэдээ 2018 оны 11-р сарын 30-нд баривчилсан бөгөөд тэднийг одоо ч саатуулсан хэвээр шалгаж байгаа гэнэ.

Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнээс “Mersedes Benz Maybach” автомашин худалдан авсан хэргээр  хоригдож буй Вао Чин Сунгийн эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргаад байгаа zarig.mn сайт мэдээлсэн байна. Эмэгтэй өргөдөлдөө  Ерөнхий консулын хууль бус наймааны  золиосонд нөхрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, Д.Мөнх-Эрдэнэд хариуцлага тооцохыг хүсчээ.

Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын хилээр зургаан автомашин гаргаж амжсан бөгөөд түүний хоёр нь Ерөнхий консулын амьдардаг байрны гражид байгаа талаар эх сурвалж мөн өгүүлжээ.

Үүнээс гадна Хөх хотын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг Хөх хотын бизнес эрхлэгчидтэй түншүүд болж мөнгө зээлдэг, түүнийгээ виз олгож төлдөг гэсэн мэдээлэл ч байна.

БНХАУ-ын хуулийн байгууллагын анхааралд өртсөн Д.Мөнх-Эрдэнэ хэд хэдэн удаа мэдүүлэг өгөөд байгаа гэнэ. Д.Мөнх-Эрдэнэ мөн Хөх хотын ерөнхий консулаар томилогдохоосоо өмнө  УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахсан хэрэгт нэр холбогдож байсан билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн