ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс хамтран “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхийн гэрчилгээг гардуулан өглөө.
Тус үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян оролцож, үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд эрх олгох сургалтад хамрагдсан та бүхэн сургалтаас олж авсан мэдлэг, дадлагаа улам өргөжүүлж, олон улсын жишигт нийцсэн эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлалыг Монгол Улсын нөхцөл байдалд тохиромжтой байдлаар нэвтрүүлэн, улс орон, ард, иргэдийнхээ аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө итгэл зүтгэл дүүрэн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Сургалтад хамрагдсан 30 гаруй мэргэжилтнүүд гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй болсон юм.
Энэхүү сургалт нь “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлаас батлагдан гарсан бодлогын баримт бичгүүд болон шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдснаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.