Истанбул дахь Консулын газрын ажилтан жолоочийн хамт Германы хилээр 70 кг героин буюу хар тамхи тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригдсан хэргийн талаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ тайлбар өглөө.
Тэрбээр “2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотноо суугаа Ерөнхий консулын газрын Дэд консул Баттүшиг гэж дипломат, мөн жолооч Эрдэнэбилэг нар Чех Улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байхдаа дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан байгаа. Тэр үедээ 70 кг героин тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Үйлдэл дээрээ баригдсан гэсэн үг. Энэ асуудалтай холбогдуулаад Германы Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгч нарыг шалгаж судлах ажлыг хийж хэрэгжүүлж байна.
Ер нь 2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авагдаж эхэлсэн. Үүний дагуу ТЕГ, ГХЯ хамтран хэд хэдэн чиглэлээр шалгах, судлах ажлуудыг зохион байгуулж төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. Мөн ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллаж байх үед тавдугаар сард энэ хэрэг гарсан.
Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй тул уг хэрэг Германы хуулийн дагуу шийдэгдэнэ. Нарийн үзвэл, дипломат дугаартай автомашин нь хувийн автомашин байсан. Энэ нь дипломатууд хувийнхаа хэрэгцээнд ашиглахдаа тухайн оронд хүсэлт тавиад хувийн машиндаа дипломат дугаар авч болдог. Тэгэхээр ийм машин ашиглаж хэргийг үйлдсэн байж болзошгүй байдал байгаа. Үүнийг цаашид нэлээд сайн судлах шаардлагатай байгаа. Ямар учраас дипломат дугаар олгосон, яагаад тэр үед Туркэд үүрэг гүйцэтгэж байсан хоёр ажилтан Германд явж байсан бэ, их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг хаанаас олж авсан, хэн нийлүүлэв гэгчлэн тодруулах шаардлагатай зүйл нэлээд байгаа.
Баттүшиг бол өмнө нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон ажилтан.
Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогсон нь их анхаарал татсан асуудал. Тагнуулын байгууллагаас манай улсын иргэд айхтар зохион байгуулалттай гэмт хэрэгт ямар байдлаар ашиглагдаж байгааг цаашид шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа. Баттүшиг 2018 онд томилогдсон.
Хар тамхины хэрэглээ болон хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогддог. ГХЯ-ны дотоод хяналт, шалгалтыг ямар асуудлаар, юу шалгасныг тагнуулын байгууллага мэдэхгүй. Ний нуугүй хэлэхэд, хар тамхины хэрэг далд аргаар зохион байгуулагддаг учраас хууль хяналтын байгууллагууд хамтраад хичээгээд ажиллаж байгаа. ГХЯ, ТЕГ хамтарч шалгалт хийж байгаа. Тухай бүрт шинэ нөхцөл байдал тогтоогдох юм бол мэдээлэл өгнө.
Ялтан солилцох чиглэлээр ГХЯ, ТЕГ-ууд хамтарч ажиллана. Ямар боломж байгааг судална. Гэхдээ нэгдүгээрт хариуцлагын тухай асуудал яригдах ёстой. Нөгөө талаасаа аль ч оронд өөрсдийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг.
Энэ хэргийн цаана сүлжээ байх магадлал их өндөр байгаа. Шалгагдаж байгаа учраас одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хар тамхи зөөсөн хоёр Монгол иргэн дипломатаар очоод удаагүй байхдаа яагаад ийм хэрэгт холбогдох болов, гадны хүнд ашиглагдсан байх магадлалтай юу гэдэг асуудлыг шалгаж үзэх ёстой” гэлээ.
Мэдээллийг Төрийн тусгай үйлчилгээний Их тэнгэр цогцолбор “Маршал харш”-аас хүргэлээ.