Дипломат паспорттой Монгол Улсын хоёр иргэн гурван сая еврогийн үнэтэй 70 кг героинийг тээвэрлэж яваад баригдсан гэх мэдээлэл Германы хэвлэлүүдээр шуугиж байна. Герман Улсын Дрезднер хотын гаалийн мөрдөн байцаагчид хоёр сэжигтнийг А17 хурдны зам дээр консулын машинтай явж байхад нь саатуулан баривчлан шалгаж байгаа гэж мэдээлжээ. Тэгвэл энэ талаар ГХЯ-наас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Саатуулагдсан хоёр хүний нэг нь Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын дипломат ажилтан, нөгөө нь жолооч байсан аж. Героин төрлийн 70 кг мансууруулах төрлийн бодис илэрсэн. Энэ мэдээллийг бид авсан даруйдаа холбогдох арга хэмжээ авсан. Тавдугаар сарын 3-нд хэрэг явдал болсон. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн мэдээллийг ГХЯ авсныхаа дараа олон нийтэд мэдээлдэггүй юм. Учир нь ар гэрийнхний хүсэлтээр хувь хүний нууцын асуудал байдаг. Мөн энэ хэрэг нь шалгагдаад эцэслэгдээгүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Хэдийгээр энэ хоёр хүн улсаа төлөөлж чухал албан тушаал хашдаг хүмүүс ч гэлээ суугаа улсын хууль тогтоомжийг зөрчсөн энэ тохиолдолд иргэний буюу консулын асуудал болдог. Тэгэхээр консулын чиглэлээр бид ажлаа хийгээд явж байгаа. Ямар нэгэн байдлаар нуун дарагдуулсан болон санаатай, санаатай бусаар хийсэн зүйл огт байхгүй” гэлээ.
Хар тамхины хэргээр саатуулагдсан дээрх дипломатчид Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон машиныг нь шалгахыг хүсэхэд дипломат паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзсан тухай германы хэвлэлүүдэд дурджээ.