Монгол Улсын Засгийн газрын “Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу НМХГ-аас хяналт шалгалт хийж байгаа юм байна.
Тодруулбал, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулсан шахмал түлшний үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 6 үйлдвэрт зохион байгуулжээ. Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгч эдгээр аж ахуйн нэгжээс “Таван толгой түлш” ХХК хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Харин бусад тав нь болох “Ширээтийн хурд” ХХК, “Усукоал” ХХК, “Дэрст тохой” ХХК, “Хотын түлш” ХХК, “Эм Си Пи Ти” /МСРТ/ ХХК-иудын ажиллагаа зогссон байна.
Өнгөрөгч тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажил зарим газарт ийнхүү гацжээ.