Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 790.000 гаруй тээврийн хэрэгсэл, 1.400.000 орчим жолооч бий. Автомашины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр туршлагагүй шинэ жолоочид олширч буй нь осол гарч буй хамгийн том шалтгаан болж байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Замын цагдаагийн албанаас хийсэн судалгаагаар 18-29 насны залуус зам тээврийн осол хамгийн их гаргадаг болох нь тогтоогджээ. Тэдний ихэнх нь 0-5 жил автомашин барьсан шинэ жолоочид байдаг. Энэ насны хүмүүст бардам зан нь давамгайлсан байдаг тул замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд нөлөөлдөг аж.
Ялангуяа хурд хэтрүүлэх, зай барихгүй байх, дүрмийн бусад заалт зөрчих нь хэвийн зүйл мэт санагддаг байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр (20176.4.29-30) Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай утсанд нийт 537 дуудлага, мэдээлэл иржээ.
Үүнээс зам тээврийн ослын 397 дуудлага бүртгэгдэж авто ослоор нэг хүн амиа алдаж, найман хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг Хөтөлийн замд T.Prius маркийн автомашины жолооч М нь явган зорчигч оршин суух тодорхой хаяггүй Б нарын 2 хүнийг мөргөж , нэг хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн осол гарсан байна.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг Улиастай явах шинэ замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь хашааныхаа гадаа ганцаараа тоглож байсан 4 настай Ө-г мөргөж гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.