Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдний мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулах зохицуулалттай.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд Шүүх, Прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын нийт 3400 мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг байршуулаад байна.
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий нийт 40.000 орчим албан тушаалтны 2017, 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг дээрх цахим сайтад байршуулсан тул иргэд, олон нийтийн зүгэээс төрийн албан хаагчийн шударга байдал, хөрөнгийн өсөлт, бууралтад хяналт тавих, түүнчлэн худал мэдүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргаж шалгуулах эрхтэй юм.
Энэ удаад Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа нарын хөрөнгөтэй танилцана уу.
Б.Жаргалсайхан нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 05-нд УЕП-ын албан тушаалд томилогдсон. Тэрээр 2018 онд туслах прокуророор ажилаж байсан юм. Түүний 2018 оны ХОМ-ийг сөхвөл:
- Жилийн орлого-46 сая орчим төгрөг.
- Гэр бүлийн орлого-13 сая 200 мянган төгрөг.
- Орон сууц, барилга байгууламж-нийт 206 сая төгрөгийн үнэтэй орон сууц 1, зуслангийн байшин 1.
- Автомашин-35 сая төгрөгийн үнэтэй Mercedes Benz G 300 машин 1.
- 10 сая төгрөгийн өртөгтэй өмчийн газар.
- Хадгаламж-37 сая төгрөг.
З.Дашдаваа нь өнгөрөгч тавдугаар сарын 2-нд АТГ-ын даргаар томилогдсон юм. Тэрээр 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байв. Түүний 2018 оны ХОМ-ээс харвал:
- Жилийн орлого-101 орчим сая төгрөг,
- Гэр бүлийн орлого-0.
- Орон сууц, барилга байгууламж-нийт 235 саяын үнэтэй орон сууц 2,
- Автомашин-нийт 113 сая төгрөгийн үнэтэй Toyota Prius-1, Lexus 570 автомашин 1.
- Мал, аж ахуй-нийт 240 саяын өртөгтэй хурдан удмын адуу-10, сайн үүлдрийн үхэр-50, адуу-80.
- Газар-41 сая төгрөгийн өртөгтэй газар эзэмшдэг.
- Хадгаламж-47 сая төгрөг.
- Хувьцаа-Хэрлэн Буйлдинг компанийн 5360 ширхэг хувьцаа эзэмшдэг.
- Зээл-17.5 сая төгрөг.