Уул уурхайн “Пентатерра” ХХК-д гарсан ослын улмаас сураггүй болсон уурхайчны цогцосыг ОБЕГ-ын аврагчид 13 дахь өдрөө эрэн хайж байна. Уурхайн ашиглалтын талбайд хөрсний овоолго зөөж байх явцад гарсан осол тавдугаар сарын 23-нд болсон. Сураггүй болсон уурхайчин Б 29 настай.
Тавдугаар сарын 26-ны өдөр осолдсон автомашины байршлыг 10-11 метрийн гүнд байгааг тогтоож, 28-нд машиныг нуурын эрэгт гаргасан байгаа. Аврагчид зургаадугар сарын 2-нд нуурын усыг шавхахын тулд өндөр хүчин чадалтай насос ашиглан усны түвшинг 9.5 метрээр бурууж чадсан ч лаг шавар ихтэй талбайгаас осолдсон уурхайчныг олж амжаагүй байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг энэхүү уурхай “Пентатерра” ХХК-ийн мэдлийнх бөгөөд осолдсон уурхайчин Шарын гол ХХК-ын ажилтан юм.
МХЕГ-ын Ажлын хэсэг өнгөрсөн гуравдугаар сард тус уурхайд шалгалт хийхдээ осол гарчихсан байгаа газарт нуралт үүсэх эрсдэлтэй байгааг мэдэгдэж, улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, уурхайн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан ч “Пентатерра” ХХК нь хууль зөрчин нууцаар үйл ажиллагаа явуулснаас үүдэн нэг хүний амь эрсэдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа юм.