Шатахууны худалдаа эрхлэгчид автобензин, дизель түлшний жижиглэн борлуулалтын үнийг удаа дараалан нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/11 дугаартай удирдамжийг баталж, эдгээр үнийн өсөлт нь бодитой эсэх, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоохоор “Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа”-нд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын хүрээнд тус газрын 2019 оны 1/682 дугаартай албан бичгээр шатахууны томоохон худалдаа эрхлэгч 17 аж ахуйн нэгжүүдээс хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээллийг гаргуулан авч шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүнд:

1. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлдэг жижиглэн борлуулалтын үнийн мэдээллээс үзэхэд 2019 оны гуравдугаар сарын 26-ны улсын дундаж үнэ:

-А-80 автобензин 1763 төгрөг/литр,

– Аи-92 автобензин 1819 төгрөг/литр,

-Дизель түлш 2348 төгрөг/литр байсан ч 2019 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар улсын дундаж үнэ:

-А-80 автобензин 1875 төгрөг/литр,

– Аи-92 автобензин 1980 төгрөг/литр,

-Дизель түлш 2445 төгрөг/литр болж төрөл тус бүр дээр 97-161 төгрөгөөр өсчээ.

2. 2019 оны дөрөвдүгээр сард Оросын холбооны Улсын “Роснефть” компанийн хилийн үнэ:

-А-80 автобензин 613 ам. доллар/тн,

-АИ-92 автобензин 643 ам.доллар/тн,

-Дизель түлш 623 ам.доллар/тн байсан ба 2019 оны 5 дугаар сарын хилийн үнэ:

-А-80 автобензин 665 ам. доллар/тн,

-АИ-92 автобензин 695 ам.доллар/тн,

-Дизель түлш 640 ам.доллар/тн болж өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 17-52 ам.доллар-аар өссөн байна.

Хяналт шалгалтад хамрагдсан 17 аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн жижиглэн борлуулалтын үнийн мэдээлэл, өртөг болон ашиг, алдагдлын тооцооллоос үзэхэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна. Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг хянаж үзэхэд Аи-92 автобензин литр тутамдаа дунджаар 30-100, дизель түлш литр тутамдаа дунджаар 270-289 төгрөгийн ашигтай байхад жижиглэн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн гэсэн дүгнэлтийг ШӨХТГ-аас өгчээ.

Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн хувьд 2019 оны байдлаар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй тул тус газраас шатахууны үнийг шууд хянах эрхгүй аж. Учир нь ШӨХТГ нь зөвхөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг судлан тогтоож, зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний үнийг хянаж, зохицуулалт хийдэг байна.

Мөн тус газраас хуульд заасныг зөрчсөн хэлцэл, тохиролцоо хийcэн эсэхийг шалгахад одоогийн байдлаар үгсэн хуйвалдаж үнээ нэмэгдүүлсэн гэх нөхцөл тогтоогдоогүй юм байна.

Иймд газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд Засгийн газар болон салбар хариуцсан яам, агентлагаас тодорхой арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх саналуудыг Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт хүргүүлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн