Өнгөрсөн сард дөрвөн настай хүүгээ “орондоо шээлээ” гэсэн шалтгаанаар хойд эцэг нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан аймшигт хэрэг гарсан.
Элэг дэлүү нь няцарч биедээ хүнд гэмтэл авсан хүү ГССҮТ-д хоёр удаа, ЭХЭМҮТ-д шилжээд нэг сарын дотор зургаан удаагийн хүнд, хөнгөн хэлбэрийн хагалгаанд орсон байдаг. Хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд хаалттай хорих ангид ял эдлүүлэх, 10 жилийн хорих ял оноожээ.
Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;
2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;
2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;
2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.