Хэнтийн нөхөн сонгуулийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан МАН-аас өнөөдөр (2019.05.28) мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуульд тус намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших байжээ.
2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр нөхөн сонгуулийн тов зарлагдсанаас хойш МАН хуулийн хугацаанд холбогдох баримт бичгүүдээ хүргүүлж сонгуульд оролцохоо илэрхийлж, мөн хөндлөнгийн байгууллагын олон удаагийн судалгаагаар нэр дэвших боломжтой хүмүүсээ жагсаан бэлтгэлээ хангаж ажилласан аж. Улмаар өнөөдөр товлогдсон МАН-ын V бага хурлаар нэр дэвшигч нь тодрох байсан юм. Хэрэв Хэнтий аймагт болох сонгуулийн тов хэвээрээ байсан бол МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэл нь хангагдсан байжээ. Цаашлаад энэ сонгуульд оролцох бүрэн боломжтой бөгөөд 2020 оны сонгуулийн ялалтын эхлэл болох бүрэн үндэслэлтэй байсан гэв.
Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч нөхөн сонгуулийг түдгэлзүүлсэн асуудлын тухайд агуулга бус тоо хөөсөн шийдвэр гарсан юм болов уу гэсэн дүгнэлтэд хүрчээ. Учир нь ээлжит сонгуулийн зарлах хоногийг ээлжит бус сонгууль буюу нөхөн сонгууль зарлах дээр авч үзэн, 150 хоногийн өмнө сонгууль зарлах ёстой байсныг 148 хоногийн өмнө зарласан байна гэсэн үндэслэл гаргасан аж. Дээр нь улс төрийн намуудад сонгуульд оролцох эрхийг нь бүрэн олгоогүй байна гэдэг үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Үүнд МАН харамсаж байгаагаа илэрхийллээ.
АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа ҮХЦ эрх баригч намын захиалгаар шийдвэр гаргалаа гэсэн. Тэгвэл МАН-ын зүгээс АН-ын дарга С.Эрдэнэ энэ сонгуулийг явуулахгүй байх бодлогыг барьж байсан гэж мэдэгдлээ. Энэ талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар тайлбарлахдаа “АН-ын даргаа огцруулах 15 шаардлагыг намдаа өргөн барьсан байсан. Ялагдлаас айсандаа энэ сонгуулийг явуулахгүй байх арга хэмжээг харин эсрэгээрээ АН зохион байгуулсан” гэв.
Мөн МАН-ын Бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл Энэ сонгуульд АН ялагдах, цаашлаад намын даргын асуудал яригдах эрсдэлтэй байсан учраас сонгууль болгохгүй байх бүх тал дээр өөрсдөө ажилласан. Олон иргэд цэцэд гомдол гаргасан юм байна. Тэрийг МАН зохион байгуулсан мэтээр ярьж байгаа байдлаа АН зогсоох ёстой гэдэг байр сууриа МАН хатуу илэрхийлж байна” гэсэн юм.
ҮХЦ-ээс гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ. Хэрэв сонгууль болох юм бол МАН нөхөн сонгуульд оролцоно гэдгээ илэрхийллээ.