Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр (2019.05.24) тавдугаар сард хийсэн ажлын талаар тус газраас мэдээлсэн юм.
Мэдээллээс тоймлон дурдвал, сургууль, цэцэрлэгийн элсэлтийг авлигаас ангид зохион байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргаж, МХЕГ-т өгсөн Зөвлөмжийн биелэлтийг шалгаж, төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тогтоож, 1151 нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулж, төрийн 33400 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд танилцуулан, хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан зэрэг хийж гүйцэтгэсэн ажлуудыг дурдсан юм.
Дараа нь сэтгүүлчид зарим асуудлыг тодрууллаа.
-Төрийн яамны сайд 10 сая долларын хэрэгт холбогдсон асуудал гарсан. Энэ талаарх мэдээлэл ирсэн үү?
-10 сая доллартай холбоотой өргөдөл, гомдол манайд ирж шалгагдаж байгаа асуудал байхгүй байна.
-Эрдэнэтийн 49 хувийн асуудал ямар шатандаа явж байна. Мөн хэчнээн хүнийг яллагдагчаар татаад байгаа вэ. Хоёрдугаарт, ЭМЯ-ны ажилтан Б нарын хоёр хүнийг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?
-Энэ асуудлууд дээр шууд хариулах боломжгүй байна. Яагаад гэвэл хэрэг бүртгэх мөрдөн байцаах үйл ажиллагааны талаарх мэдээлэл надад байхгүй. Нийгэмд хүлээлттэй байгаа хэргүүд прокурорын хяналт дор шалгагдаж байгаа. Тодорхой хэрэг дээр тийм шатанд төчнөөн хүн татагдсан гэх мэдээллийг өгөхөд хязгаарлагдмал байна.
-АТГ-т шалгасан хэргүүд шүүх дээр очоод гацдаг, прокурорт буцдаг, эсвэл хэрэгсэхгүй болдог жишиг тогтоод байна уу гэсэн хандлага харагдаж байгаа. Авлига албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэхэд ямар асуудал тулгамдаад байгаа юм бэ?
-Тодорхой хуулийн процесстой холбоотой асуудлууд дээр шууд гацдаг гэж хэлэхгүй. Бүгд хуулийн хүрээнд явагдаж байгаа.
-Мобиком корпорацийн удирдлагуудтай холбоотой гомдол ирсэн гэсэн. Удирдлагуудыг нь шалгаж байгаа юу?
-Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулсан нь дээр байх.
-Х.Энхжаргал дарга ажлаа өгөхдөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хүрээнд өршөөгдсөн 33 ихнаяд төгрөгийн хөрөнгийн асуудлыг хөндсөн. З.Дашдаваа дарга ажлаа хүлээж аваад тодорхой хугацаа өнгөрлөө. 33 ихнаяд төгрөгийн хөрөнгийн асуудлыг шалгаж эхэлсэн үү. Нууцын зэрэглэлтэй байгаа материалыг нь татаж, танилцсан болов уу. Танилцсан бол хэчнээн албан тушаалтан холбогдохоор байгаа бол. Хэрэв шалгалтын ажил эхлээгүй бол хэзээ эхлүүлэх вэ?
-Энэ асуудлыг прокурорын байгууллагаас асууж байгаад хариу өгье.
-Прокурорын байгууллагаас тодруулна гэхээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, прокурорын хяналтад орсон юм байна гэж ойлгож болох уу?
-Хэрэг бүртгэл нээсэн эсэхийг прокурорын байгууллагаас тодруулаад мэдээлэл өгнө.