Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танаа

Та бүгдийн амар амгаланг эрж, улс орноо ардчилал, зах зээлийн замаар удирдан жолоодох үйлсдээ улам амжилт олохыг хүсэн ерөөе.

Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө, монголын ард түмнийг манж, хятадын улс төрийн эзэрхийлэл, дарлал, мөлжлөгөөс ангижруулахын төлөө алтан амь, алд биеэ үл хайрлан тэмцэж явсан, төрийн гарамгай зүтгэлтэн, Эрдэнэ дайчин чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байна.

Алтан ургийн удам угсааг дорд үзэж, төрийн залгамж чанарыг устган, эрхэндээ оруулах гэж балчир хүүгийнх нь толгойг тасдаад өөрт нь царан дээр тавин өгч байсан Манжийн хааны түүх бол дэлхий дахинд хэзээ ч гарч байгаагүй харгис явдал билээ. Тийм бэрх гашуун зовлон амсах болсон нь түүний зүрх ямагт Монгол эх орноо тусгаар улс болгохын төлөө байсных нь шийтгэл юм. Энэ эх оронч хүний түүхэн ойг хэзээ, хэрхэн тэмдэглэх тухай сурагч үгүй байсаар хагас жил өнгөрлөө. Төрийн түүх гэдэг алтан урагийн түүх гэдгийг бид мэднэ.

Буддын шашны тэргуүн, Занабазарын хойт дүрийн хувилгаан гэх Богд Жавзандумбын монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө оруулсан хувь нэмэр их ч хэрэв Монгол төр гэж байдаг бол алтан урагийн эх оронч Хандоржийн ойг ийм чимээгүй өнгөрөөх нь түүхийн ой санамжийг Монголын ард түмэнд мартагнуулж байгаа бусармаг явдал мөн.

Чин ван Ханддорж улс эх орныхоо язгуур эрх ашиг, эрмэлзлэл ийг нэгтгэн эрх чөлөөний хувьсгалд хүргэн, гадаад бодлогыг хөгжүүлэн, тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлан тунхаглах ариун үйлсэд нэгэн биеэр зүтгэсэн билээ. Алтан ургийн олон хан байсаар атал цаг үеийн байдлыг сайтар ойлгож Богдыг хаан ширээнд залгамжлах саналыг чухамхүү Чин ван Хандорж санал гаргасныг түүх гэрчилнэ. Тусгаар Монгол улсын Гадаад яамны анхны сайд, дэргэдээ сургууль байгуулан ард түмний боловсрол соёлын төлөө зүтгэж байсан тэрбээр бусдын гарт амиа алдсан юм. Түүний ойг тэмдэглэхгүй байх нь өнө удаан жил Монгол улсыг авч явсан алтан ургийн түүхийг энэ цагт ч дахиад хэлмэгдүүлж байгаагийн жишээ болж түүхэнд үлдэнэ.

Чин ван Ханддоржийн 150 жилийг ойг улс даяар өргөн тэмдэглэх талаар та бүхнийг эх оронч санаачилга гарган хэрэгжүүлэхийг уламжилья.

Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмийн Гүррагчаа
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Санжаажавын Оюун
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дашцэрэнгийн Гунгаа
Шинжлэх ухааны гавьяат ажилтан Чүлтэмийн Лхагважав
Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Сэрээтэрийн Давгадорж
Ханд вангийн нийгэмлэгийн тэргүүн Дамдинжавын Энхтайван
Ханд вангийн нийгэмлэгийн гишүүд Булган аймгийн яруу найрагчид

2019 оны 05 сарын 23

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Алтан Ургийн Чин ван Ханддоржийн ойг чимээгүй өнгөрөөх нь бусармаг явдал”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн