Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барьж дууслаа. 27 км уг замын газар шороо, далангийн ажил дээр “Тайван хайрхан”, “Билэгт зам”, “Хурдны зам”, “Торгон харгуй” гэсэн үндэсний 4 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, “Улаанбаатар төмөр зам” ХНН ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна. Р-65 маркийн зам төмөр, английн пандрол бэхэлгээ, төмөр бетон дэр бүхий европ стандартаар баригдсан уг замаар хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх хүчин чадалтай юм.
Энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болоод зогсохгүй зүүн тийшээ үргэлжлүүлэн барих хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаагаараа давхар ач холбогдолтой.
Жил хүрэхгүй хугацаанд “Улаанбаатар төмөр зам”-ын зам засварын машинт станц, замын 4-р ангийн төмөр замчид, үндэсний компаниуд хамтарч энэхүү замыг барьж дуусгасан нь дараа дараачийн шинэ төмөр замын төслүүд дээр өөрийн улсын инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг ажиллуулах ихээхэн нөөц байгааг харууллаа. Одоо эрчим хүч, дохиолол холбоо, өртөөний барилгын ажлыг төмөр замчдын баярын өмнө дуусгахаар шамдаж байна. “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон Монгол улсын томоохон бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн нь удахгүй тэмдэглэх түүхт 70 жилийн ойдоо барьсан том бэлэг боллоо.
УБТЗ-ын төслийн ажлын хэсгийн дарга З.Отгонтөр