Хэнтий аймгийн Батширээт суманд дөрөвдүгээр сард гарсан түймрийн зураг. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Гацуур гол гэдэг газар Монгол Улсын хилийн 745 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг өчигдөр /05.22/ 18:15 цагт хүлээн авжээ. Түймэр орж ирсэн газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км зайтай бөгөөд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын нэг алба хаагч, Үндэсний аврах бригадын 25 алба хаагчтай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэргээр өнөөдөр түймрийн голомт руу явсан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Цагааннуур суманд ой хээрийн түймэр гарч нэгийг нь цурманд оруулжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялбаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 13 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж 05.21-ний өдрийн 21:02 цагт цурманд оруулж, 05.22-ны өдрийн 10:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч М.Ганбаярт хүлээлгэн өгчээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Чандагатай” гэдэг газар /Сумын төвөөс баруун урд зүгт 28 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тусаймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 13 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 35 иргэн, 5 автомашин, 2 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж 05.23-ны өдрийн 05:30 цагт түймрийн хойд, зүүн, урд хэсгийг хяналтанд авч баруун хэсгийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагд-Уулын бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 2 автомашин, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 8 хүн, 1 автомашин, Мөнгөнморьт сумын ойн ангийн 6 хүн, 1 автомашин, орон нутгийн 16 иргэн, 2 автомашин, 2 морь, нийт 44 хүн, 6 автомашин, 2 морьтойгоор ажиллаж, 05.21-ний өдрийн 05:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.