Дэлхий нийтээр хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл амьдрах орчныг бий болгоход ногоон байгууламж, зүлэг модыг тарих түүний эзлэх хувь хэмжээг цаг үргэлж нэмэгдүүлэх явдал өдөр ирэх тусам чухлаар шаардагдаж байна.
Хөгжилтэй орнуудын жишгээс үзэхэд хот суурин газрын 20 хувиас доошгүй хувь нь ногоон байгууламж байдаг бол манай оронд энэ хэмжээ дөнгөж 1-2 хувь байна. Иймд хүн бүр амьдарч буй хот, орон байрныхаа ойролцоо зүлэг, мод тарьж өөрөө өөрийнхөө эрүүл амьдрах орчныг бий болгох хэрэгтэй. Манайхаас хэд дахин ногоон байгууламж ихтэй хөрш Хятад улсад гэхэд л насанд хүрсэн иргэн бүр таван мод тарьж энэ үйлсэд хувь нэмрээ оруулж байхаар хуульчилсан байдаг байна. Тиймээс Эрүүл мэндийн яам жил бүр эргэн тойрноо зүлэгжүүлэх, мод тарих үйл ажиллагааг эрчимтэй хийдэг билээ.
Тариалах агротехник: Олон наст ургамлыг тавдугаар сарын хоёр дахь 10 хоногийн дунд үеэс эхлэн урдаас засаж бэлдсэн талбайд тарина. Үүний тулд юуны өмнө талбайд байгаа элдэв ахуйн хатуу хог хаягдал, том, том чулуу, хуучин борог өвс, шарилж, лууль зэрэг хог ургамлыг цэвэрлэж хөрс хэрэв дагтаршиж хатуурсан байвал хүрзээр 10-15 см гүнээс багагүй гүнтэйгээр гишгэж сийрүүлнэ. Сийрүүлсний дараа хөрсний бүхэл хэсгүүдийг буталж тараах замаар газрын гадаргыг тэгшилнэ. Газрын гадарга тэгшхэн байх нь үр суух гүн жигд байх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна усалгааны үед үр газрын хэвгий даган урсаж бөөгнөрөхөөс сэргийлнэ.
Хэрэв хөрсний үржил шимт өнгөн үе давхарга нимгэрч зулгарсан, хөрс зүлэг тариалахад шаардлага хангахгүй гэж үзвэл түүний хими, физик шинж чанарыг дээшлүүлэх үүднээс үржил шимт хар шороон хөрсийг 10-15 см жигдхэн зулж өгнө. Ингэж бэлдсэн хөрсөө хөнгөн услаад хөрс хатаж, ус сэвэрсний дараа үрээ гараар жигд цацаж өгнө. Цацсан үрээ дахин 1-2 см шороогоор булаж элсээр хучиж өгнө. Элс нь хөрсний хими, физик шинж чанарыг сайжруулаад зогсохгүй хөрсний чийгийн ууршилтыг багасгах ач холбогдолтой. Үр суулгах гүн 1.5-2.0 см байвал тохиромжтой байдаг. Үрийн норм 20-25 м3 талбайд 1 кг байна. Ийнхүү тарилт хийсний дараа зөөлөн усалж өгнө. Усалгааг өглөө эрт юм уу, нар шингэснээс хойно орой сэрүүнд услах хэрэгтэй.
НОГООН БАЙГУУЛАМЖ НЬ:
• Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэдэг байна.
• Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50 хувь, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна.
• Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг.
Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8 кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.
• Мод нь өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис ялгаруулдаг.
Эх сурвалж: ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтэс