Монгол Улсын Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн тайлан бэлэн болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дуулгаад, өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.
Уг тайланг тус банкинд хүргүүлж Гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүдээс нь тайлбар авчээ. Үүний дараа Хөгжлийн банкинд шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 169 дүгээр тогтоол гарсан байна. Ажлын хэсэг сар гаруй хугацаанд ажилласан шалгалтын 30 хуудас бүхий дүнгээс тоймлон хүргэе.
Евро, Чингис, Самурай бондоор нийт 4.38 их наяд төгрөгийн эх үүсвэрийг бий болгосон
Хөгжлийн банкинд орж ирсэн эх үүсвэрүүд ба зарцуулалт:
Хөгжлийн банкинд 4.38 их наяд төгрөг төвлөрсөнөөс Евро бонд 580 сая доллар 5 жил /2012.03.21/, Чингис бонд 1.5 тэрбум доллар 5-10 жил /2013.05.06/, Самурай бонд 30 тэрбум юань 10 жил /2013.12.25/.
Үүнээс 60 хувийг нь буюу 319 төслөөр 2.67 их наяд төгрөгийг улсын төсөвт зарцуулсан аж. Тодруулбал, Евро бондоос 68 төсөлд 724.3 тэрбум төгрөг, Чингис бондоос 250 төсөлд 1.8 их наяд төгрөг, Самурай бондоос 1 төсөлд 145.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.
-Дамжуулан санхүүжилтэд 9 хувийг буюу 985 зээлд 350.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүнд Евро бондоос 72.5 тэрбум төгрөг, Чингис бондоос 261.2 тэрбум төгрөгийг, Самурай бондоос 16.4 тэрбум төгрөгийг зарцуулсан.
-Шууд санхүүжилтэд 31 хувийг нь буюу 19 төсөлд 1.4 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Үүнд Евро бондоос 524 тэрбум төгрөг, Чингис бондоос 549 тэрбум төгрөг, Самурай бондоос 284 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан.
Хөгжлийн банкнаас зээл авсан 9 аж ахуйн нэгж эргэн төлөлт хийгээгүй
Ноцтой зөрчилтэй зээлдэгчид:
-Хөтөл ХХК 161.5 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй
-Монлаа ХХК 5.6 тэрбум
-ТОСК ТӨҮГ 355.5 тэрбум
-Мак цемент ХХК 166.5 тэрбум
-Кью Эс Си ХХК 187.6 тэрбум
-Бэрэн групп ХХК 102.4 тэрбум
-Эрэл ХХК 99.5 тэрбум
-Монгол драй милк ХХК 39.4 тэрбум
-Монгема ХХК 9.9 тэрбум төгрөг тус тус эргэн төлөгдөөгүй байна.
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлуудаас:
-Арилжааны банкаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Товчхондоо чиг үүргээсээ хазайж өөр үйл ажиллагаатай явж байна гэсэн дүгнэлтийг өгч байна.
-Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгасан зөрчил түгээмэл байжээ. Зарим зээлд найман удаа бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгасан.
-Гүйцэтгэх захирал нь мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө татан төвлөрүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хөгжлийн банк анх байгуулагдсанаас хойш ийм алдаа байнга давтагдаж байжээ.
-ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр худалдан авсан.
-2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдал хүлээсэн.
-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, тус банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэх нөхцөл байдал гарч ирсэн.
-Эздээр нь судалгаа хийж үзэхэд нэг эзэнтэй банкууд их хэмжээний зээл авч байсан нөхцөл байдал илэрсэн. Жишээлбэл, Кью Эс Си, Хөтөл компаниуд нэг эзэнтэй ба өөр өөр чиглэлийн зээлүүд авч, эргэн төлөлт огт хийгдээгүй.
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлт, материалыг АТГ-т шилжүүллээ
Чингис, Самурай, Евро бонд болон түүнээс гарсан төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой эдгээр асуудлуудыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах нь зүйтэй гэж үзээд шалгалтын дүнг АТГ-т өнөөдөр өгч байгаа гэдгийг ЗГЭХГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дуулгалаа. Өмнө нь Аудитын ерөнхий газар, Монголбанкнаас зохих шалгалт хийсэн боловч хэсэгчилсэн байдалтай байсан бол энэ удаад Монголбанк, Сангийн яам, ЗГХЭГ, ХЗДХЯ-ны хамтарсан анхны томоохон шалгалтын үр дүн гэдгийг цохон тэмдэглэв.
Хөгжлийн банк 20 тэрбумаас доош төгрөгийн зээл гаргахыг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Тэрээр цаашдаа Хөгжлийн банкны үйл ажиллагааг яаж сонгодог утгад нь оруулах вэ гэдэг асуудлын тухайд ярихдаа “Засгийн газрын 169 дүгээр тогтоол гарсан. Монгол Улсын банкны эрх зүйн орчныг зайлшгүй боловсронгуй болгох шаардлага байна гэж үзэж байгаа. Нэг үгээр бол арилжааны банктай төслөөр өрсөлдөхгүй байх ёстой. Зөвхөн том төслүүдэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад чиглэсэн, зайлшгүй чухал гэж үзэж болох төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр 20 тэрбумаас доош төгрөгийн зээлийг Хөгжлийн банк гаргахыг журам, эсвэл хуулиар хориглох нь зүйтэй. Явцын үед цаашдаа доод хэмжээг нэмэгдүүлж байж Хөгжлийн банк лоббид автахгүйгээр мега төслүүд рүү орохгүй бол буцаад олон улсад нэр хүндээ алдаж санхүүжилт босгох асуудал хурцаар тавигдаж байгаа” гэлээ.
Хөгжлийн банкийг Г.Амартүвшингээр удирдуулах саналыг Засгийн газраас гаргаж байна
Мөн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хөгжлийн банк нь олон улсын жишгээр аль болох шийдвэр гаргагчдаас хамаарал багатай, гэхдээ үндсэн чиглэлийн бодлогуудыг дэмждэг, монгол аж ахуйн нэгжүүдээс илүү олон улсад бонд, хөрөнгө босгох чиглэлийн банк учраас боловсон хүчний чадавхи хангалтгүй байна гэж дүгнэжээ. Тиймээс 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх шилжилтийн хугацаанд Хөгжлийн банкны захирлаар Г.Амартүвшинг ажиллуулах санал тавьж байгаа аж. Хөгжлийн банкны удирдлага нь маш сайн гадаад харилцаатай хүн байх, туйлын ёс зүйтэй, мэргэжлийн, улс төрд байгаагүй зэрэг шаардлагыг тавьж үзээд Г.Амартүвшинг сонгож байгаа гэдэг тайлбарыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлаж байлаа.
Цаашдаа гадны менежменттэй байх нь зүйтэй гэж Засгийн газар үзээд, дээрх өөрчлөлтүүдийг ирэх жилийн аравдугаар сар хүртэл авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.