Хатаж хагарсан газар үе, үе шороо босч шуурах бөгөөд хурц нарыг үл ажран олон тооны хүн усны сав барин оочерлох аж. Энэтхэгийн Дели хотын өмнөд хэсэг бол хотын хамгийн том ядуусын хороолол бөгөөд энд 10 хоногт нэг удаа усны машин ирдэг.
Эндхийн өрх бүр хүний тооноос үл хамааран 10 хоногт 600 литр ус хэрэглэх нормтой. Ийм хэмжээний усаар өрх бүр 10 хоногийн турш хэрэгцээ хангахын тулд хэрэглэсэн усаа дахин, дахин ашигладаг. Иргэд усыг аль чадахаараа хэмнэж, дахин дахин ашигласан ч хэрэгцээгээ хангаж хүрэлцдэггүй байна.
Улмаар Энэтхэгт усны хомсдол болон бохирдлоос шалтгаалан жилд 200 мянган хүн нас барах болжээ. Энэтхэг улсад 600 сая хүн өдөр тутмын амьдралдаа усны хомсдолтой тулгарч байна. Өнгөрсөн онд усны хомсдолоос болж Энэтхэгийн хойд хэсгийн Химачал Прадеш мужид олон зуун хүн үймээн дэгдээж, жагсаал зохион байгуулж, жуулчдыг ирүүлэхийг зогсоохыг шаардаж байв.
Энэтхэгт өдгөө ус бол алтнаас ч үнэтэй худалдааны хэрэгсэл болжээ.
Олон улсын судалгаагаар 2020 он гэхэд Энэтхэгийн 21 том хот гүний усны нөөцөө барах гэнэ. Энэтхэгийн хүн амын өсөлт нэмэгдсээр 1,3 тэрбумд хүрч, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа ч усны хомсдол илүү эрчимтэй нүүрлэж байна.
Энэтхэг улсын гол асуудал нь гүний усны нөөцөө маш хурдан барж байгаатай холбоотой. Судалгаанаас харвал Энэтхэгийн Дели, Банглор, Хайдерабад зэрэг хот тун удахгүй гүний усны нөөцгүй болох ажээ. Гүний усны хэрэглээний 80 хувь нь газар тариаланд ашиглагддаг.
Засгийн газраас тариаланчдыг бодлогоор дэмжих зорилгоор үнэгүй цахилгаанаар хангаж, гүний худаг ухах зөвшөөрлийг олгодог аж. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын нөлөөгөөр борооны улирал тогтворгүй болж, ган гачиг ойр ойрхон нүүрлэх болсон нь газар тариалангийн салбарт хохирол учруулдаг байна.
Улмаар ургац алдсан тариаланчид их хэмжээний өрөнд орох, амиа хорлох тохиолдол нэмэгджээ. Статистик мэдээллээр 1995 оноос хойш 200 мянга гаруй тариаланч амиа хоролжээ.
Судлаачдын хэлж буйгаар, ирээдүйд усны нөөцөө барсан орнууд илүү хурдан ядуурч, хатах бол арвин нөөцтэй орнууд дэлхийд гол тоглогч болох гэнэ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд олон улсын харилцаанд гол нөлөө үзүүлэх хүчин зүйл нь усны нөөц болох аж.
Дэлхийн нийт хүн амын 85 хувь нь бөмбөрцгийн хамгийн хуурай цөлжилттэй бүс нутагт амьдарч байна. Судалгаанаас харвал Африк, Ази тивийн орнууд хамгийн түрүүнд усны хомсдолд орох аж.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп Таун хот 90 хоногийн дараа усны нөөцгүй болох гэж буйгаа 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр зарласан билээ.
“Water Aid” олон улсын байгууллагын судалгаанд дурдсанаар 2040 он гэхэд усны хомсдолд орох дэлхийн 33 орны тоонд Монгол Улс багтжээ. Монгол Улсын хэмжээнд ашиглаж болох усны нөөц 610 мянга гаруй тонн. Улаанбаатар хотын иргэд дан ганц газрын гүний усыг ашиглаж байна.
Энэ нь эргээд усны нөөц багасахад нөлөөлж байгаа юм. Өндөр хөгжилтэй улс орнуудад нэг хүн хоногт 200-250 литр ус хэрэглэж байгаа бол манай улсын орон сууцны иргэд хоногт 140-160, гэр хорооллын иргэд 7-10 литр ус хэрэглэж байна гэсэн судалгаа бий.
Эх сурвалж: news.mn