Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо бол Тавантолгойн бүлэг орд дунд уурхайтайгаа ойрхон байрладаг баг юм. Тус багт орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ажилчид болоод нутгийн уугуул иргэд оршин суудаг.
Тэд багаа “Тавантолгой тосгон” гэж нэрлэдэг. “Тавантолгой” ХК 1966 оноос хойш энэ багт үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Анх уурхайчид ирж буудалснаар суурин бий болж өдгөө 35 жил болжээ. Одоо харин төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”-н лицензийн талбайд шахагдан мөн тосгоны нөхцөл байдал хүнд, тоосжилт хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээс 12 дахин их болсон зэргээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг аймгийн ИТХ-аас 2017 онд гаргажээ.
Түүнчлэн энэ оны гуравдугаар сард аймгийн ИТХ-ын тогтоолоор 1,600 иргэний газар өмчлөлийн захирамж гаргаж үнэлгээг тогтоохоор ажиллаж байна гэж Цогтцэций сумын Засаг даргын орлогч 2009 оноос хойш хөрш уурхай болох “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” компани уурхайн олборлолт явуулах болсноор “Цагаан-Овоо” баг уурхайнуудын нөлөөллийн бүсэд орсон байна. Тиймээс ард иргэд, ажилчидаа аюулгүй, эрүүл орчинд амьдруулах шаардлагатай болжээ.
Энэ үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ажилчдын хамтарсан Цогтцэций сумын өргөтгөл шинэ суурьшлын бүсийг байгуулахаар тохиролцсон байна. Одоогоор төлөвлөгөө болон судалгааны эхний ажил дууссан байна. Цогтцэций сумаас шинэ суурьшлын бүсийн газрын асуудлыг шийдэж өгчээ.
Мөн 1985 оноос хойш ашиглагдаж байгаа барилга байшин, ажилчдын хашаа байшингийн үнэлгээнүүд эхнээсээ гарсан тухай компанийн удирдлагууд зарласан. Шинэ суурьшлын бүс Цогтцэций сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумын өргөтгөл болж явах юм байна. Сумын төвөөс баруун хойшоо чиглэлтэй Улаанбаатар-Цогтцэций сумын замын дагуу байрлах буюу одоогийн уурхайн тосгоноос 14 км зайд байрлах юм байна.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” хоёр компаниас шинэ суурьшлын бүсээс уурхай руугаа нэгдсэн засмал зам тавихаар төлөвлөж байгаа гэдгийг албаныхан хэлж байв. Энэ ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХХК хариуцаж ажиллахаар болжээ. Нүүснээр “Цагаан-Овоо” багийн иргэд болон нийт Монгол Улсын төсвийг бүрдүүлж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд болох “Эрдэнэс Тавантолгой” ХХК, орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд эрүүл, аюулгүй, тоосгүй орчинд амьдрах боломжтой болох юм.
Цаашид бусад уурхайн ажилтан, уурхайчдын ар гэр төвлөрч Эрдэнэт хот, Багануур дүүрэг шиг бүтээн байгуулалт дэд бүтцийг хөгжүүлэх аж. Шинэ суурьшлын бүсийг ЗХУ-ын үед “Гипрошахт Институт”-д боловсруулсан судалгааны дагуу өөр улсын шинэ судалгаан дээр тулгуурлан газар зүйн байрлал, орчин нөхцөл, тогсгон орчин зэргийг нарийн төлөвлөсөн байна. Гэхдээ нарийвчилсан судалгааны явцад орчин үетэйгээ таарахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь говийн хамгийн том, хэрэгцээ ундны усны асуудал. Усыг “Энэржи Ресурс”-ын усан хангамжаас авахаар тооцоолсон байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ийн тогтоолоор дээрхи шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, аймгийн удирдлагууд тус компанид ус ашиглах лиценз өгөхдөө орон нутгийн өмчит компанийг усан хангамжаар хангана гэж тохиролцсоны дагуу усны асуудлаа шийдсэн аж. Цагаан-Овоо багт 200 өрхийн 2,000 иргэн амьдарч, 50 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Мөн өнгөрсөн онд тоосжилтыг бууруулах зорилгоор сайжруулсан хоёр зам тавьсан байна.
Орчин үеийн үзвэр үйлчилгээний газар, хоёр компанийн оффис, албан байгууллагын цогцолбор, бүлэг ордын түүхийг харуулсан музей, соёлын төв, усан сан зэрэг иж бүрэн цогцолбор Шанхийн говьд таван жилийн дараа сүндэрлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Эх сурвалж: