“Та хэнтэй уулзах вэ” гээд хүн бүрээс асуух сувилагч хаалганы наана цаагуур эргэлдэнэ. Цэргийн төв эмнэлгийн зургаан давхарт гарч мэдрэлийн мэс заслын тасгаар ороход үүдэнд эргэлтээр ирсэн хүмүүс дугаарлан зогсож харагдлаа. Сувилагчийг дуудан Ховд аймгийн Зэвсэгт Хүчний 123 дугаар ангид алба хааж байгаад бэртсэн Н.Тэмүүжин хүүгийн сахиуртай уулзах хүсэлт тависан ч “Энд хүлээж байгаарай” гээд сувилагч цааш явлаа.
Төд удалгүй гарч ирээд “Сахиур нь байхгүй гадуур гарсан байна. Тиймээс та уулзах боломжгүй” гээд тасаг руу орохыг хориглосон юм. Харин эмчлэгч эмчтэй уулзахыг хүссэн ч эмч хагалгаанд орсон гэх хариултыг өглөө. Ийн тасгийн үүдэнд хэсэг сахиж суутал суга таяг тулсан 30 орчим насны залуу эргэлт авахаар гарч ирэхдээ “дунд чөмгөө хугалсан гэх хүүгийн талаар ийн ярив “Ховд аймгаас ирсэн цэрэг гүйж яваад хөлөө хугалсан гэнэ.
Түүнийг эмч “Одооны залуучууд “кока кола” уугаад ясны сийрэгжилттэй болчихсон гээд байна лээ” гээд сониучлан ярив. Хүлээж суусны эцэст хүүгийн ээжтэй уулзаж юу болсон талаар асуухад “Миний хүүг бүдэрч унаад хөлөө хугалсан гэж мэдэгдэл хийсэн байна лээ. Ямартай ч үүнтэй санал нийлэхгүй байна. Шүүх эмнэлэгт хандсан байгаа. Манай хүүг бэртсэн гээд Зэвсэгт хүчний Жанжин штабаас хүмүүс ирж уулзсан. Мэдүүлэг авсан. Хүүг маань Улаанбаатарт ирэхээс өмнө ангийн удирдлагууд болсон явдлыг нуугаарай гэж хэлсэн байж мэднэ.
Одоо болтол миний хүү надад үнэнээ хэлээгүй. Бүдэрч унасан гэхэд би итгэхгүй байгаа. Өөр зүйл ярихыг хүсэхгүй байна. Түүний бие нь тэнхэрч сайжирч байгаа. Хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхийг хүсэхгүй байна. Мэдээлэл өгөхгүй” хэмээн дургүйцэж нэрээ хэлэхээс татгалзсан юм. Энэ мэтчилэн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж цэргийн алба хааж яваа эрс амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн гурван сард шил даран гарсаар энгийн үзэгдэл болох нь.
Асуудал чухам юунаас үүдэлтэй байна вэ гэдэг олны анхаарлыг татах нь зайлшгүй. Цэргийн албанд яргалал үүрээ зассан уу гэх хар хэнд ч төрөх нь тодорхой. Ийм асуудал ар араасаа хөвөрсөөр байтал Зэвсэгт хүчний Жанжин штабаас ямар нэгэн тайлбар хэлж арга хэмжээ авахгүй байсаар асуудлыг өөгшүүлж өдийг хүргэлээ. Өнгөрсөн жил гэхэд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэрэгт татагдсан залуу цэргийн дэглэлт даалгүй нас барсан. Мөн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэрэг амиа алдсан хэрэг гарсан.
Тодруулбал, өнгөрсөн намар цэрэгт татагдсан залуу амиа алдсан шуугиан дэгдээсэн. Энэ явдал одоо мартагдахад хүрээд буй. Түүний үхэлд гадны нөлөө байхгүй бөгөөд хоёр удаагийн шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг “Өвчний улмаас амиа алдсан” гэсэн хариу гарсан байдаг. Түүнчлэн Завхан аймгаас Увс аймгийн Баруунтуруунд цэргийн албанд татагдсан цэрэг харуулын байр дээрээсээ морь унаж, буу сум агсаж аваад хил даваад алга боллоо гэсэн мэдээллээр эрлийн багийнхан шуурхай ажиллаж хоёрдугаар сарын 2-нд цэргийг Тувагийн нутаг дэвсгэрээс амиа алдсан байдалтай байхад нь олсон юм.
Ийн харамсалтайгаар амиа алдсан цэргүүдийн талаар албаныхан олигтой зүйл ярьсангүй. Энэ удаад цэргийн алба хаахаар очсон 18 настай байлдагч Н.Тэмүүжин баруун хөлийн дунд чөмөг хугарсан гэх оноштойгоор цэргийн төв эмнэлэгт энэ сарын 14-нд хүргэгдэн ирж улмаар яаралтай хагалгаанд орсон. Энэ мэтчилэн цэрэг эрс эрсэдсээр байхад хэн ч, юу ч дуугарахгүй байх юм.
Элдэв буудалцаан, мөргөлдөөнгүй энх цагт үүрэг гүйцэтгэж явсан хугацаат цэрэг цаг бусаар амиа алдсан харамсалтай хэрэг өргөсөн тангарагтаа үнэнч байсныхаа төлөө хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан нулимс өнөөдөр хатаагүй байна. Гэтэл дахин нэг цэрэг бэртэл авлаа гэх мэдээлэл нийгмийг цочроолоо. Үнэхээр цэргийн албанд яргалал үүрлэв үү, аль эсвэл сургах нэрийдлээр хатуу чанга зүй бусаар харьцаж байна уу гэдэгт хэн хариулах вэ. Үүнээс болж олон аавын хүүгийн эр зориг мохож цэргийн албанд мордохгүй гэх айдаст автуулах вий.
ЭМЧ НАР ХҮҮГИЙН БЭРТЛИЙГ “КОКА KOЛA” УНДААТАЙ ХОЛБОН ТАЙЛБАРЛАВ
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүү Зэвсэгт хүчний жанжин штабын хяналтын өрөөнд дөрвөн хуудас мэдүүлэг бичиж өгчээ. Мэдүүлэгт цэргийн албанд байхдаа дарамт, шахалтад байсан талаараа дурджээ. Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага ар гэрийнхэнд нь “Цэргийн анхан шатны сургалтын үеэр бүдэрч унасны улмаас баруун хөлийн дунд чөмөг нь хугарсан. Эхний цэргүүд гүйж ирээд зогсчихсон байх үед байлдагч гүйж ирээд унасан.
Залуугийн бэртэл гадны нөлөөгүй шүү” гэж хэлсэн байна. Харин Цэргийн төв эмнэлгийн эмч нарын зүгээс хүүгийн бэртлийг ясны сийрэгжилт буюу “кока кола” ундаатай холбон тайлбарлаж буй. Албаны хүний хэлснээр “Цэргийн алба өөрөө эрсдэлтэй алба. Их бага хэмжээгээр бэлтгэл сургуулилалт хийх ёстой. Хуучин бидний үед биеийн тамирын хичээл, цэрэгжилт зэргээр бэлтгэл сургуулилалт сайн хийдэг байсан. Тухайн үед бэртэж гэмтдэг цэргүүд цөөхөн байсан. Одоо үед залуучууд зүгээр алхаж яваад хөлөө хэлтгий гишгэхэд л дунд чөмөг нь хугарчихдаг.
Ясны сийрэгжилт маш багаас нь эхэлчихсэн дээрээс нь хөдөлгөөний дутагдалтай. Үүнээс гадна архаг өвчин цэргийн албанд ирээд сэдэрдэг тохиолдлууд бас бий. Архаг өвчтэй хүүхдүүд тэр болгон нарийн шинжилгээ өгдөггүй учраас цэргийн албанд ирээд бөөрний өвчин, ходоодны үрэвсэл зэрэг нь сэдэрдэг. Бид хүүхдүүдийн ходоодыг нь дурандаж, тархийг нь компьютерээр харж авдаггүй” гэв. Бид мэдээллийн үнэн тэнцвэртэй байдлыг харгалзан үзэж тал талын эх сурвалжаас мэдээлэл авсан нь, энэ.
Зэвсэгт хүчний жанжин штабаас уг асуудлаар тодруулга авах гэсэн боловч “Удирдлагууд хуралтай байна. Манайхаас мэдэгдэл гаргасан” гэх хариуг өгсөн юм. Ийн штабаас гаргасан мэдэгдэлтэй танилцахад “Зэвсэгт хүчний 2018-2019 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2019 оны I ээлжийн хугацаат цэргийн алба хаагчидтай цэргийн анхан шатны сургалтыг зохион байгуулан явуулж байна. Үүний дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж буй 90 орчим цэргийн алба хаагч 2019 оны тавдугаар сарын 12-нд 10.00 цагт сургалтын төлөвлөгөөний дагуу гүйлтэд хамрагдах явцад байлдагч Н.Тэмүүжин нь бүдэрч унан дунд чөмгөө хугалсан.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байлдагч Н.Тэмүүжинг зодож гэмтээсэн гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Тийм зүйл огт болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн тодотгожээ. Зэвсэгт хүчний Жанжин штабаас гаргасан мэдэгдэлтэй хүүгийн ар гэрийнхний санал нийлэхгүй байгаа нь “том асуудал”-ыг далдалж гэх хар төрүүлэх жишээний. Аливаа улс үндэстний аюулгүй оршин тогтнох үндэс, өөрийн улс орны хил хязгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байх зэргийг хариуцан хамгаалах нэр хүндтэй бөгөөд ариун, хариуцлагатай үүрэг Монгол Улсын зэвсэгт хүчинд ноогддог билээ.
Гэтэл энэ хүчний байгууллага олны хэл амны бай болох боллоо. “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” гэж үг бий. Алив улсын нүүр царай, дүр төрх нь ч цэрэг армиас нь харагддаг. Манай Зэвсэгт хүчин ч мөн адил Монгол Улсынхаа нүүр царай болж, НҮБ-ийн ажиллагаанд идэвхтэй оролцож том гавьяа байгуулсан. Энэ мэтээр тоочвол манай армид олон бахдууштай зүйл бий. Дээхнэ үед айлын хүү цэргийн албанд мордох, цэргийн албанаас халагдаад ирэхэд бөөн баяр хөөр болж хүндэлж биширдэг байжээ.
Тэр үеийн цэрэгт яваад ирсэн залуус эх орондоо хайртай, эх оронч зөв төлөвшилтэй тэсвэр хатуужилтай, амьдралыг өөдрөг эерэг нүдээр харж жинхэнэ эр хүний ёсоор хүмүүжээд ирдэг байв. Одоо үед дээрх байдлаас хамааран цэргийн алба хаах хэрэггүй, дэмий цаг алдах хэлбэр, бие бялдар, сэтгэл санааны дарамт авч болзошгүй гэж үзэх болжээ. Энэ юунаас болоод тэр вэ.
Энэ асуултад хариулах олон хариулт байх боловч яахын аргагүй нэг гол хариулт нь дүрмийн бус харилцаа буюу цэргийн дэглэлт байж мэдэхээр байна. Иймд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд цэрэг эрсийг хатуу чанга дэглэмээр сургаж, залууст башир арга хэрэглэн хүмүүжүүлж байгаа тамлалаа зогсооход анхаараач.
Эх сурвалж: