Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү ёслолд оролцож, улс орон, нийгэм эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Манай орны зээлжих зэрэглэл сайжирч 2018 оны эхэнд В3 зэрэглэлд хүрснээр арилжааны банкууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зээлжих зэрэглэл сайжрах нэн таатай суурь нөхцөлийг бүрдүүлж өгснийг онцлон тэмдэглэе.
2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн орлогын нийт хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 96 хувьтай байгаа нь 2015 оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. ТОП-100 аж ахуйн нэгжүүд 2018 онд төлсөн татварын хэмжээ 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилээс 29 хувиар өсч, Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувь болж байна. Эдгээр ТОП аж ахуйн нэгжүүдийн олгосон ажлын байрны тоо нийт ажил олголтын 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх оныхоос өсжээ.
Энэ мэт өсөн нэмэгдэж байгаа үзүүлэлтүүдийг ирэх жилүүдэд улам бүр бататган, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөг хадгалсаар байх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.