Засгийн газрын өнөөдрийн /2019.05.17/ хуралдаанаар махны хангамж, нийлүүлэлт, үнийн талаар мэдээлэл сонсжээ.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 18-наас 6 дугаар сарын 15-ны хооронд нөөцийн махыг худалдан борлуулах чиглэлээр ажиллахыг сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгасан байна.
Хонь, ямааны мах болон дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортод квот тогтоох, мал төллөх үе буюу 4, 5 дугаар сад мах, махан бүтээгдэхүүн экспортлохгүй байх болон шаардлагатай бусад арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагуудын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгав.
Нөөцийн мах бэлтгэх, үнийн савлагаа, хангамж тасалдахаас сэргийлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөөд байна.
Цаашид мах, гурил, үр тариа, төмс, хүнсний ногооны үнийг тогтвортой байлгах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн хуралдаанаар валютын ханш, зээлийн хүү, шатахуун, түлшний үнийн талаар мэдээлэл сонсов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.