Засгийн газрын тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.
- “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эгүүлэн татахаар болов.
- “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Байнгын хороод дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгоно.
- “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дхь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Санхүүжилтийн гэрээний төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороод дэмжсэн тохиолдолд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгох юм.
- “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Байнгын хороо дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Нямдоржид олгоно. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад БНСВУ-ын хоёр иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. БНСВУ-д Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг байна.Монгол Улс 17 улстай гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.