Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарын нэг нь авлигын хэрэгтэй холбогдсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс өөрөөс нь тодрууллаа.
-Таныг 10 сая ам.долларын авлига авсан гэх яриа гараад байна. Энэ асуудалд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Хөвсгөлийн групп, пэйж хуудсууд руу энэ мэдээллийг хийгээд байгаа юм. Тэгэхээр би улс төрийн зорилготой гэж үзэж байна. Энэ мэдээлэл тараасан хүмүүсийг шүүхэд өсгөн. Энэ гүтгэлэг үнэнд гүйцэгдэнэ. 10 сая ам.доллар гэдэг чинь 26 тэрбум төгрөг. Надад 1000 ам.доллар ч хулгайлаад шингээчих зориг зүрх байхгүй. Надаас асууснаас Монголбанкнаас асуусан дээр. Хэний дансанд 10 сая ам.доллар орсон бэ гээд асуу. Учир нь 26 тэрбум төгрөг Монголбанкаар заавал дамжина. Арай машинаар ачаад ирээгүй байлгүй дээ.
-Энэ асуудалтай холбоотойгоор ням гаригт Засгийн газар хуралдсан гэсэн?
-Засгийн газар хуралдаагүй. Би ёстой мэдэхгүй байна. Би үхэхээр чи үх гэж бусдынхаа талаар худлаа зүйл ярихгүй. Ёстой мэдэж байгаа зүйл алга. Ер нь бол Хэнтийн сонгуультай холбоотой л ийм зүйл гараад байгаа юм уу гэж ажигласан. Үүнийг нь л манай нутгийн зарим нь өлгөж аваад Хөвсгөлийн хуудсаар баахан явуулсан юм байналээ.
-Хууль хяналтын байгууллага ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шалгаж байгаа ч юм уу танаас тодруулсан зүйл байгаа юу?
-Байхгүй. Би харин хуулийн байгууллагад хандсан. Нууц цахим хуудаснаас ийм худал мэдээлэл явуулаад байгаа хүмүүсийг олж тогтоож өгөх хүсэлт тавьсан. Би эхлээд их гайхсан. Яаж ингэж худлаа ярьж чаддаг байна аа.