Ашигт малтмал, газрын тосны газрын дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр, Дорноговь аймагт 366 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Уул уурхайн ашиглалт, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн хөгжлийг дагаад байгаль орчин, хүний эрүүл мэнд, амьдрах орчин, малын бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны А/426 дугаар захирамжаар хяналт шалгалтын Ажлын хэсэг байгуулсан юм.
Ажлын хэсэг аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох, боловсруулах, бичил уурхайн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Тавдугаар сарын 13-17-нд Айраг, Даланжаргалан сумдад ажиллажээ. Айраг суманд ашигт малтмалын ашиглалтын 30, хайгуулын 22, Даланжаргалан суманд ашигт малтмалын ашиглалтын 67, хайгуулын, 35 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Аймгийн хэмжээнд баяжуулах болон боловсруулах, угаах үйлдвэр 13 байгаагаас Айраг суманд 4, Даланжаргалан суманд 3 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Хяналт шалгалтын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Авто тээврийн төв, Тагнуулын хэлтэс, Гадаадын иргэн харьяатын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, холбогдох сумдын ЗДТГ-ын мэргэжилтэн оролцож байна.
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн химийн аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт, хадгалалт, хамгаалалтын байдал, холбогдох хууль, тогтоомж, уул уурхайн компаниудын техник эдийн засгийн үнэлгээ, уулын ажлын болон аваар устгах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг хэрэгжүүлсэн эсэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.
Түүнчлэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, усны тоолуурын бичилт, төлбөрийн гүйцэтгэл, гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөр эрхэлж буй эсэх, Авто тээврийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт зэрэг чиглэлээр хяналт шалгалтыг хийж байгаа юм. Хяналт, шалгалтын ажлын танилцуулга, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг 2019 оны тавдугаар дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах ажээ.