Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС”цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаад Зам тээврийн, хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа.
–Монгол Улс БНХАУ-тай Зам тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажилладаг. МУ–ын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр зам, тээврийн салбартай холбоотой хэд хэдэн албан бичигт гарын үсэг зурлаа..?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж оролцсон. Энэ үеэр нэлээн олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь зам тээврийн асуудалтай холбоотой байлаа. Зам тээврийн салбарт гурван том, чухал бичиг баримтад гарын үсэг зурлаа. Нэг нь, Налайх-Улаанбаатар хотын хооронд баригдах 20.9 км авто замын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёр дахь нь Монгол Улс БНХАУ-ын хооронд “Авто замын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол”-д гарын үсэг зурлаа. Гуравт нь “Төмөр замын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээллийг солилцох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Гурвуулаа чухал бичиг баримт.
Дөрөв дэх бас нэг чухал баримт бол БНХАУ-ын талаас, Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50 хувийн хөнгөлөлт олгохоор болсноо Хятадын төмөр замын ерөнхий компаниас албан бичгээр мэдэгдээд байна. Ийм чухал амжилттай хэлэлцээрүүд боллоо.
-Хэлэлцээрүүдээ арай дэлгэрүүлэн ярилцъя..?
-Энэ үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй албан ёсны хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн үеэр 2 талын тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг ярилцлаа.
1-рт, Монгол Улс БНХАУ-ын хоорондын төмөр замын тээврийн асуудал хүндрэлтэй байгаа. Эрээн боомтын хүлээн авах хүчин чадал хүрэлцэхгүй байна. Өдөрт 12 галт тэрэг авч байгаа. Манай дээр зам дээр 4 000 вагон зогсож байна. Тиймээс галт тэрэг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх Эрээн Жининий хоорондох замын ачааллыг хөрвүүлэх дамжин өнгөрүүлэх транзит тээврийн ачааллыг бууруулах тал дээр нэлээн ярьсан. Энэ тал дээр Хятадын сайд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн.
Хоёрт, Эрээн боомтын ачааллыг бууруулах зорилгоор Ханги-Мандал боомтыг байгуулах талын асуудлыг манай талаас тавьсан. Энэ боомт бол манай хоёр дахь чухал боомт. Эрээн чиглэлээр чингэлэг тээвэр, вагон тээвэрлэлтээ явуулаад, Ханги-Мандал боомтоор нуранги ачаа, төмрийн хүдэр, нүүрс, зэсийн баяжмалаа зөөхөд маш хэрэгтэй гэж үзэж байгаа. Ханги-Мандал боомтоос 130 км-ын цаана гол хэрэглэгч болох төмөрлөгийн Бугатын үйлдвэр гэж байгаа. Жилд таван сая тонн төмрийн хүдэр, зургаан сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг. Цааш дамжаад бусад боомтуудад очиж гурван бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах боломж бий.
3 дахь том боомт бол Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам бий. Энд цэг зөрсөн асуудал бий. Энэ асуудлыг ойрын үед яаралтай шийдэж ажлаа идэвхижүүлэх шаардлага, хэрэгцээ байгаа.
4 дэх гол боомт бол Шивээ хүрэн-Нарийн сухайт. Энэ чиглэлд 47 км төмөр замын асуудал байгаа. Нарийн сухайтын бүлэг ордыг тойрсон 30 гаруй сая тонн ачаа байгаа. 12 сая тонныг нь автомашинаар гаргалаа гэхэд 12 сая тонныг нь төмөр замаар явуулах бололцоотой.
Энэ чиглэлээрээ ажлын хэсэг гаргаж ажиллая, цаашдаа боомтуудын ажлыг идэвхижүүлэх үйл ажиллагааг идэвхижүүлэх яваандаа Бичигт-Дорнодын чиглэлд төмөр зам тавина. Тийм учраас төмөр замын дамжин өнгөрөх болоод дамжуулан тээвэрлэх асуудлыг шуурхайлах үүднээс хоёр талаас ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгүүд байнгын харилцаатай ажиллаж, дараа дараагийн уулзалтууд дээрээ томоохон шийдвэрүүдийг гаргаад явъя гэсэн тохироонд хүрсэн.
Бас нэг чухал зүйл бол хоёр яам хамтын ажиллагааны механизмтай болъё. Байнгын ажиллагааны механизмтай болох санал тавьсан. Энэ саналын дагуу БНХАУ-ын Тээврийн яамны Бодлого стратеги төлөвлөлтийн газрын даргаар ахлуулсан, манай талаас Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ахлуулсан байнгын ажиллагаатай хоёр ажлын хэсэг байгуулсан. Энэ нь тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нааштай үр дүнг авчирна гэж бодож байгаа.
Агаарын тээврийн хувьд баруун бүсээрээ буюу Говь-Алтайн чиглэлээр шинээр агаарын хаалга нээлгэх тухай асуудлыг Хятадын талаас тавьсан. Энэ тал дээр нэлээн хэлэлцээрүүд хийгээд агаарын урсгалыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр дундад азийн болон бусад орнуудын агаарын хаалга нээгдэж орж ирэх, цаашлаад Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх агаарын хүлгүүдийн тоог нэмэгдүүлэх тухай асуудал чухал. Жил ирэх тутамд манай навигацын орлого нэмэгдэж байгаа. Энэ жил л гэхэд 200 гаруй тэрбум төгрөг болсон. Цаашдаа ч нэмэгдэх бололцоотой байгаа.
Энэ утгаараа Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх агаарын хүлгүүдийн тоог нэмэгдүүлэх нь манай улсад ашигтай. Тиймээс ч энэ тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Хятадын долоон хотод манай гурван агаарын тээвэрлэгч компани үйл ажиллагаагаа гүйцэтгэж байна. Энэ долоон хотоос гадна Шанхай, Саняа буюу Хайнань руу нисэх хүсэлтээ тавьсан. Хүсэлтийг хүлээж аваад намайг ирэхэд Ханань руу нисэх эрхийг олгосон байна. Цаашлаад “Эйр чайна” компанитай злот тохирох, дамжин өнгөрөхөд код шэйр хийх асуудлууд чухал байгаа. Ингэснээр бид Бээжинд буугаад цааш үргэлжлүүлэх нислэгээ “Эйр чайна”-гаар дамжиж нисэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Энэ тал дээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн авто тээврийн асуудал чухлаар тавигдаж байна. Энэ нь Ханги Мандал-Гашуун сухайт, Эрээний чиглэлд байгаа. Эрээн боомт руу гарч ажил амьдралаа залгуулдаг 1960 жолооч бий. Тэднийг шинээр бүртгэх, техник шинэчлэлтийг явуулах, тэднийг БНХАУ-д зорчих бололцоо, боломжоор хангах нөхцлийг ярилцлаа. Бас нэг чухал асуудал бол Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд явж байгаа ачааны автомашины асуудал дээр он удаан жил ашигласан автомашины жагсаалтаас гаргах, шинэ автомашинаар сэлгэх, тусгай дугаар олгох мөн чингэлэг тээврээр явуулах асуудлуудыг чухалчилж байгаа. Учир нь чингэлэг тээвэр ашиглах нь байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь бага. Мөн ачаагаа шууд цааш нь нийлүүлэх бололцоотой учраас чингэлэг тээврийн ачааг хилээр гарахад цаашлаад далайн боомтод хүргэх бололцоо боломж нь түргэн болж байгаа юм. Тиймээс цаашдаа чингэлэг тээврийг энэ тал дээр түлхүү ашиглая, тээврийн харилцааг цахимжуулъя гэж байгаа.
-Цахимжуулна гэдэг нь..?
– “С” зөвшөөрөл гэж олгодог, үүнийг болиулаад цахимаар бүртгэдэг болгох тал дээр анхааръя гэж ярьж байгаа. Ийм чухал ажлуудыг хамтдаа хийхээр болж байна. Энэ бол айлчлалын чухал үр дүн байлаа. Мөн БНХАУ-ын Тээврийн сайдыг Монголд айлчлахыг урьсан. Энэ жилдээ багтаж айлчилна. Энэ үеэр бусад тулгамдаад байгаа асуудлуудаа зуръя гэсэн бодолтой байгаа.
-“Бүс ба зам” санаачлагын хүрээнд гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулахаар болсон. Үүний үр дүнд хоёр орны худалдааны эргэлт 6 тэрбум ам.доллараас 10 тэрбумд хүрнэ гэсэн хүлээлт байгаа. .?
-Хятад Оросын хооронд хийгдэж буй худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх гэж байна. Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ улам нэмэгдэнэ. Хятадаас европ рүү чиглэж буй транзит тээврийн хэмжээ бас нэмэгдэнэ. Тэгэхээр хоёр талын урсгал нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн жил Улаанбаатар төмөр зам түүхэндээ анх удаа 25 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа. Жил болгон Монголоос экспортлож байгаа уул уурхайн бүтээгдэхүүний тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид транзит тээвэр болон гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд зам тээврийн салбар онцгой чухал үүрэгтэй. Төмөр замдаа шинэчлэл хийх ёстой, сууриа бүтцээ шинэчлэх ёстой, хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчлэх ёстой. Хятадын нутаг дээр 50 хувийн хөнгөлөлт, Оросын нутаг дээр 68,6 хувийн хөнгөлөлт авлаа. Энэ нь гадаад худалдааг хөнгөвчлөхөд, тээврийн үйл ажиллагааг түргэн шуурхай болгоход хамгийн том боломжийг олголоо гэж ойлгож болно. Энэ хамгийн чухал коридор.
Бид эхний ээлжинд “Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үүд” хотуудын хамтын ажиллагааны асуудал яригдаж байгаа. Өнгөрсөн жил энэ гурван “улаан” хотын хамтын ажиллагааны форум болсон. Энэ форумаар Улаанцав хот зүүн хойд Хятадын хамгийн том хуурай газрын боомт хот болно гэж зорилт тавин ажиллаж байна. Улаанцав хотод Бээжин хотоос Яболу, Шидан гээд том захууд нүүж ирсэн байна. Энэ захаар оросууд их үйлчлүүлдэг. Тэндээс Монголын нутгаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх боломж бололцоо их байгаа.
-“Бүс ба зам” санаачлагийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх зарчим нь ямар юм бол..?
-Ер нь “Бүс ба зам” санаачлагын хүрээнд худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхэд Хятадын талын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах саналаа илэрхийлж байгаа. Яагаад гэвэл “Бүс ба зам” санаачлага цаашдаа нэлээн өргөжинө. Тиймээс Таван толгойн бүтээн байгуулалтад оролцъё, Ханги Мандал-Зүүн баянгийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцъё, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, Хоёр дахь бүтээн байгуулалт, мөн Монгол Улсын хойд хилээс урд хил хүртэлх босоо тэнхлэгийн хурдны замын бүтээн байгуулалтад оролцъё гэсэн сонирхолууд байгаа. Тэгэхдээ бид сайн бодож, ямар нөхцөлөөр хийхээ харах ёстой. Янз янзын нөхцөл яригдаж байна. Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх, эсвэл хөрөнгө оруулалт хийж хамтарсан байдлаар эзэмших гээд. Аль аль хувилбарыг нь судлаж Монгол улсын эдийн засагт аль болох үр өгөөж авчирах төслүүд дээр хамтран ажиллах бололцоо байгаа. Мөн “Бүс ба зам” санаачлагын төвлөрсөн сан гэж байгаа. Энэ сангаас Монгол Улс хэрэгцээтэй зээл тусламжаа авах бололцоо байна гэж харж байгаа.
-Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жил, хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэчлэсэн гэрээ байгуулсны 25 жилийн ой болж байгаа. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд бишгүйдээ их саад бэрхшээлийг туулж ирлээ..?
-Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа байгуулсны 70 жил, хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэчлэсэн гэрээ байгуулсны 25 жилийн ой болж байгаа. Энэ гэрээг байгуулсан хүн нь 1994 оны 04 сарын 29-нд Монгол Улсад 34 жилийн дараа айлчилсан Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян гэж хүн бий. Миний уулзалт хийсэн БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн бол түүний хүү. Би энэ уулзалтын үеэр Ли Кэцян даргын Монголд айлчилж байх үеийн Ерөнхий сайд Жасрайтай гэрээнд гарын үсэг зурж байгаа ёслолын ажиллагааны фото зургийг бэлэглэсэн. Маш их талархаж хүлээж авсан. Үнэхээр гэнэтийн бэлэг байж чадлаа гэж хэлсэн. Бидний тавьсан асуудлуудыг найштайгаар хүлээж авсан. Цаашдаа Монгол Хятадын хоорондох харилцаа, стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Ойн жилийн хүрээнд хийх хэдэн том бүтээн байгуулалтын ажлууд байгаа. Эхнийх нь, Налайх Улаанбаатарын хороонд 20,9 км замыг бид энэ ондоо багтааж хийж дуусгана. 11-р сард багтааж ашиглалтад өгнө. Хоёр дахь нь, долоодугаар сарын эхээр Монгол Улсын анхны хурдны зам буюу Нисэхийн чиглэлийн замыг ашиглалтад оруулна. Гуравт, Ханги-Мандалын чиглэлийн автозамыг явуулахаар төлөвлөж байна. Энэ мэтчилэн хамтын ажиллагааны нэлээд олон сувгууд нээгдэнэ гэж үзэж байгаа. Мөн нэг давуу тал нь Зүүнбаян-Таван толгой чиглэлийн 414,6 км төмөр замыг ашиглалтад оруулахад 3 000 ажлын байр бий болж байгаа. Таван толгой-Ханги Мандалын чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахад нэмээд 2 000 ажлын байр бий болгоно. Ингээд 5 000 хүн ажлын байртай болох бололцоотой болж байгаа юм. Ийм нөхцөлд боловсон хүчнийг бэлтгэх, сургах асуудал чухал. Бид Бээжингийн Зам харилцааны их сургуулиар зочилсон. Манай улсаас тус сургуульд нийт 100 гаруй оюутан сурч, суралцаж төгссөн. Энэ тоог нэмэгдүүлэх нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтныг бэлтгэх тал дээр сургуулийн захиргаа их анхаарч, бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
-Энэ бүтээн байгуулалтад оролцох ажилчдын цалин хөлсний асуудал ч яригдаж эхлээд байгаа дуулдсан..?
-Бид энэ салбар дээр гурван зүйлийг онцолж байгаа. 1. Боловсролын асуудал. Үүнд, Мэргэжил боловсролоо дээшлүүлэх, давтан сургах асуудал. 2. Нийгмийн халамжийн асуудал. Энд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшуулал яригдана. 3. Тогтвор суурьшилтай ажиллах, ажлын байраар хангах. Энэ гурав хангагдаж байж тухайн хүн салбартай тогтвор суурьшилтай ажиллах, ахиж дэвших, сурч боловсрох, ажил мэргэжилдээ дуртай байх ийм олон зүйл хангагдана. Энэ нь чухал ажлын эхлэл тавигдаж байна гэсэн үг юм.
-“Бүс ба зам” санаачлагад хэдэн орон нэгдээд байна вэ?
-Нийт 40 гаруй орон нэгдсэн байна лээ. Дэд бүтцийн салбарын хурлыг Хятадын Тээврийн сайд нь удирдаж хуралдуулсан. Их олон улс орон өөрсдийнхөө давуу тал, боломжуудыг ярьсан. Дэлхийн олон улс орон “Бүс ба зам” санаачлагад нэгдэж харилцан бие биедээ худалдааны хөнгөлөлт үзүүлье. Харилцан бие биедээ тарифын хөнгөлөлт үзүүлье. Хориг саадуудаа арилгая гэж ярьцгаасан. Монгол Улс эндээс хоцрох ёсгүй. Тиймээс Монголоос дамжин өнгөрөх транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах ёстой. Мөн Ерөнхийлөгчийн нэг том санаачлага бий. Энэ бол Зүүн хойд азийн эрчим хүчний супер сүлжээний асуудал. Энэ нь эрчим хүчээр холбогдох, дэд бүтцээр холбогдох асуудалд онцгой үүрэгтэй. Цаашлаад Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой тавих асуудал байгаа. ОХУ дэмжсэн, БНХАУ талархан хүлээж авсан. Энэ асуудал дээр бид идэвхитэй ажиллах шаардлага, хэрэгцээ бий. Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах бололцоотой.
-“Бүс ба зам” санаачлагын хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүддээ зээл авъя гэвэл хэдий хугацааны, хэдэн хувийн хүүтэй зээл санал болгож байх шиг байна..?
-“Бүс ба зам” санаачлагын сангаас бэлэн төслөө аваад ирвэл санхүүжүүлэхэд бэлэн гэж байгаа. Манай томоохон аж ахуйн нэгжүүд уулзаад явж байна. Бидний хувьд тавьсан асуудал бол ган хайруулдаг үйлдвэртэй болъё. Бидэнд төмрийн хүдэр нь байна, коксжих нүүрс нь байна. Тэгэх юм бол бид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх бололцоотой болно. Түүхий нүүрс биш. Коксжих нүүрсний үйлдвэр байгуулъя. Тэгэхээр аман дээрээс нь 70 ам.доллараар биш боомт дээр нь 300 ам.доллараар зарах бололцоотой. Энэ мэтчилэн Монгол Улсад эдийн засгийн үр өгөөжөө өгсөн төслүүд байна. Гэхдээ ийм төсөл дээр хэдийг оруулна гэдэг асуудлаар хэлэлцээр хийгээгүй учраас зээлийн хүү, хугацааны асуудлыг тохироогүй байгаа.
-Гадаадын улс орнууд “Бүс ба зам” санаачлагын сангаас авч болох зээл, зээлийн хүүгээ тооцож үзээд уг санаачлагад нэгдэх эсэхээ шийдэж байх шиг байна..?
-Монгол Улсад арилжааны зээл биш хөгжлийн зээл хэрэгтэй. Бага хүүтэй, урт хугацааны зээл хэрэгтэй. Тэгж байж бид үйлдвэрлэлээ хөл дээр нь босгоно. Тэгж байж бид уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээнэ. Тэгж байж бид экспортоос олох орлогоо нэмэгдүүлнэ. Бид үүн дээр гурван зүйлийг онцолсон. Хөдөө аж ахуй бүтээгдэхүүн үүнд, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ. Малын гаралтай бүтээгдэхүүн үүнд, мах, арьс шир, ноос ноолуур, сүү сүүн бүтээгдэхүүн дээрээ нэмүү өртөг шингээн Хятад улсад экспортлох боломж байна гэж харж байгаа. Мөн уул уурхайн бүтээгдэхүүн байна. Үүнд, зэсийн баяжмал үйлдвэрлэх, төмрийн хүдэр боловсруулах, ган хайлуулах үйлдвэрлэлийг яваандаа хийх юм бол Монгол Улсын эдийн засагт маш том хувь нэмэр оруулах бололцоотой. Дээр нь энийгээ дагаад маш олон ажлын байр нэмэгдэнэ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа.
Эх сурвалж: mglnews.mn