УИХ-аас баталсан Татварын багц хуульд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа. Хоёр өдрийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газраас сүр дуулиантай зарласан хоригийн тухай мэдээллийг түгээгээгүй хэвлэл мэдээлэл бараг байхгүй.
Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжвэл зохино гэх мэт уран тодорхойлолттой хориг энэ удаа Ерөнхийлөгчийг томоохон онигооны гол дүр болоход хүргэлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгч “Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьчихжээ. Хуулиа уншдаггүй юм гэхэд ядахдаа хуулийн нэрийг нь уншиж баймаар юм” хэмээн олон нийтийн сүлжээгээр жиргэж байна. Салбарын сайдын үг олны анхааралд өртөж, хүмүүс сая л нэг хуулийн заалтуудыг эргэн харахад хүрчээ.
Албан хэрэг, бичиг баримтыг нь бүртгэж, бэлтгэдэг бүхэл бүтэн баг, хууль зүйн бодлогын зөвлөх гэх зэргээр Ерөнхийлөгчийг тойрон хүрээлж байгаа. Энэ тогоо бол Ерөнхийлөгчийн Тамгын газар. Өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн бүрдүүлсэн багийг чадвар муутай, Төрийн албан олон жил ажилласан туршлагатай хүн цөөхөн гэсэн шүүмжлэл дагасаар ирсэн.
Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон, УИХ-ын даргаар ажиллаж, хууль хэрхэн төрдөг, хуулийг хэрхэн эх барьж авдгийг сайн мэдэх З.Энхболд ажиллаж байгаа. Ийм тогооноос алдаа гарч, Ерөнхийлөгчөө онигооны баатар болгох эрх уг нь Тамгын газрынханд байх ёсгүй.