Гуравхан сая гаруй хүн амтай манайд сүрьеэтэй 22 мянга буюу түүнээс олон хүн амьдарч байна. Хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж, дунд сургуулийн хүүхдүүд бөөнөөрөө өвдөж эхлээ. Жилд 4000 гаруй шинэ сүрьеэ оношлогдож, эмчилгээнд орж байгаагийн 70 гаруй хувь нь 16-44 насныхан.
Улсын хэмжээнд 34 сургууль гурван ээлжээр хичээллэж байна
Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар сургууль 1.710 сурагчтай. Харамсалтай нь сурагчдын 50 хувь нь нийгмийн халдварт өвчин буюу сүрьеэгийн вирус тээгч болсон. 15 дугаар сургууль дээр өрнөж буй сүрьеэгийн дэгдэлттэй яг ижилхэн процесс Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр мөн болжээ. Тус сургуулийн удирдлагууд ХӨСҮТ-тэй хамтран (2019.05.08) өдөр урьдчилсан шинжилгээг сурагч багш ажилчдаас авахад 70 орчим сурагч сүрьеэгийн халдвартай гэж оношлогджээ.
Улсын хэмжээнд 2018 оны байдлаар нийт 798 сургууль үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо бий. Үүнээс нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг 34 сургууль байна. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас болж гурван ээлжээр хичээллэдэг нэг ангид гэхэд 40-50 хүүхэд шахцалдан сурч байна. Ийм орчинд амьсгалын замаар халдварлах сүрьеэ өвчний вирус тархахгүй байна гэж үгүй.
Энэ баримт цаашид өсвөр насны хүүхдүүдийн дунд сүрьеэ өвчний тархалт улам бүр нэмэгдэнэ үү гэхээс буруурахгүй гэдгийг харуулж байна. Нөгөө талаар Эрүүл мэндийн салбарынхны өмнө гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудад сүрьеэгийн иж бүрэн үзлэгийг яаралтай хийх цаг болсон гэдгийг дохиолж байна.
Одоогийн байдлаар ерөнхий боловсролын 15,97-р сургууль дээр сүрьеэгийн тархалт илрээд байна. Цаашдаа ачаалал ихтэй, гурван ээлжээр хичээллэдэг сургууль дээр сүрьеэгийн тархалт нэмэгдэх магадлал өндөр байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурийн төлөөлөгч, доктор Су Нюунт У-гийн хэлж буйгаар сүрьеэ ядууралтай шууд холбоотой гэж үзжээ. Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг юм. Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушигны сүрьеэгээр өвчилдөг байна.
Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс сүүлийн үеийн үед эдийн засгийн өсөлт хөгжлийн түвшингээрээ дунджаас дээш орлоготой улсын жагсаалтад багтсан байна. Үүний үр дүнд гаднаас орж ирэх тусламж үйлчилгээ хязгаарлагдана. Тиймээс сүрьеэгүй Монгол зорилтод 2030 он гэхэд хүрэхийн тулд бид ядуурлын түвшингээ нэг оронтой тоо руу бууруулах ёстой. Болж өгвөл 5 хувиас дээш бууруулж байж сүрьеэ гэх аюулт өвчнөөс бүрэн ангижирч чадна. Тэр дундаа гэр хорооллын бохир орчин халдварыг улам тархаадаг ба халдвар авсан хүн тийм орчинд эмчлэгдэх боломжгүй юм” гэжээ.
Сүрьеэ үхэлд хүргэдэг хамгийн аюултай халдварт өвчин
Сүрьеэ хаа сайгүй байдаг. Хэн ч сүрьеэгийн халдвар авах өндөр эрсдэлтэй. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчинтэй хамт амьдардаг хүмүүс 100 хувь, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад 10 хувь, холын хавьтал нэг хувь байдаг байна.
Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас бардаг. Сүрьеэ үхэлд хүргэдэг хамгийн аюултай халдварт өвчин гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
ЭМБ-ын тооцоолсноор, 2018 онд сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 3 тэрбум 5 сая ам.доллар шаардлагатай бөгөөд энэ тоо 2022 он хүртэл хоёр дахин өсч магадгүй байгаа аж.
Сүрьеэ савханцар гэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин. Ихэнх тохиолдолд (70%) уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг өвчлүүлдэг.