Сүхбаатар аймагт өчигдөр (2019.05.15) өдөр 12 цаг 20 минутаас 12 цаг 30 минутын хооронд салхины өрөвхийлөлт 26 м/с хүрч, аймгийн төв тас харанхуй болж цаг агаарын гамшигт үзэгдэл болжээ. Шороон шуурга тавдугаар сар 15-ны 11 цагаас 16-ны 2 цаг 30 минут хүртэл үргэлжилсэн бөгөөд Сүхбаатар аймгийн нийт нутгаар салхины дундаж хамгийн их секунтад 16-24 метр, түр зуур секундэд 20-28 метр хүрч ширүүсчээ.
Харин оройны 22 цаг орчимд салхины эрч бага зэрэг буурсан байна. Нийтдээ 13 цаг үргэлжилсэн шуурганы үеэр аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж, хөл хөдөлгөөнийг хорьсоны үр дүнд хүний амь нас эрсдээгүй байна. Харин Баяндэлгэр, Халзан, Наран, Түвшинширээ, Онгон, Дарьганга сумаас аймгийн онцгой байдлын газарт 15 дуудлага ирсэн бөгөөд 17 хүн шуурганаар төөрсөн байна. Өнөөдөр өглөө тэдгээр хүмүүс эсэн мэнд олдсон гэсэн мэдээлэл иржээ.