Үндэсний бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой, Монгол бөхийн баярын зохион байгуулагч нар болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Улсын Заан Д.Бумбаяр тэргүүтэй бөх, бөхийн зүтгэлтнүүд мэдээлэл хийлээ.
Тэд “Увс нуур” бөхийн гал үүссэн түүх, зорилго, шалтгаан болон ойн баяраа хэрхэн тэмдэглэх талаараа танилцуулсан юм. Тэд галынхаа 20 жилийн ойн хүрээнд “Оргил өөд тэмүүлсэн он жилүүд” эрдэм шинжилгээний хурал, чөлөөт бөх, жүдо, самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, монголынхоо ахмад тамирчид, багш дасгалжуулагчид, алдарт бөхчүүддээ хүндэтгэл үзүүлсэн байна.
Мөн “Гал манахын учир” баримтат кино, “Хүчтэний өлгий Увсын бөхчүүд” ном бүтээсэн бөгөөд Монгол бөхчүүдийн тухай яруу найргийн улсын уралдаан зарлаж, шалгарсан шилмэл шүлгүүдээр нь “Хүчит бөхчүүд найргийн асарт” хэмээх ном хэвлүүлэн бөхийн хорхойтон үзэгчдийн хүртээл болгожээ.
“Монгол бөхийн баяр” хэмээх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг тусгай хөтөлбөрийн дагуу энэ сарын 19-нд Бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна. “Увс нуур” бөхийн гал байгуулагдсан 20 жилийн түүхэнд улсын наадмын 5 түрүү, 5 үзүүр, их шөвөгт 12 бөх, улсын цолтон 30 гаруй төрсөн бөгөөд олон бөх цолоо ахиулсан аж.
Эх сурвалж: