Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг угтаж Иргэний нисэхийн ерөнхий газраас “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Энэхүү өдөрлөгт ИНЕГ-ын алба, салбарууд, МИАТ, Аэромонголиа, Изинис зэрэг агаарын тээвэрлэгч компаниуд, Нийслэлийн боловсролын газар, ШУТИС-ийн Механик, инженерийн сургууль, Отгонтэнгэр их сургууль зэрэг нийт 20 гаруй байгууллага оролцож нисэхийн салбарт хэрэгтэй мэргэжлийг сурталчлах, дотоод, гадаадын ямар сургуульд ямар мэргэжлээр сурч болох, нисэхийн салбарт эрэлттэй мэргэжлүүдийн талаар ерөнхий боловсролын сургууль болон, их, дээд сургууль төгсөгч залуус, эцэг эхчүүдэд мэдээлэл өгч сурталчлах юм.
Бүтэн өдөр үргэлжлэх өдөрлөгийн үеэр “Залуу бүргэд”, “Нислэг төв”-ийн бага оврын агаарын хөлөгтэй танилцах, сургалтын төхөөрөмж дээр агаарын хөлөг жолоодож үзэх зэрэг сонирхол татахуйц танилцуулгууд мөн багтжээ.