Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг.
Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 25 жил болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 14 дэх удаагаа тэмдэглэж байна.
Олон улсын гэр бүлийн өдөр нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг улам илүү ойлгох боломжоор хангадаг болж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Төр улс гэр бүлээс эхтэй. Нийгмийн хамгийн жижиг хэрнээ бүх зүйлийн учир шалтгаан болдог гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах нь энэ өдрийн зорилго юм. Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж, эрүүл сайн сайхан, аз жаргалтай амьдрахын төлөө хүн бүр хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна. Ингэснээр нийгэмд эерэг нөлөөллийг бий болгоно хэмээн эрдэмтэн, судлаачид хэлж байгаа юм.
2003 онд УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргасан байдаг. Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон билээ. Энэ уламжлалаар өнөөдөр “21 зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурлыг олон улсын “Улаанбаатар” их сургууль, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулна. Хурлаар “Гэр бүлийн асуудлыг зохицуулж буй эрхзүй орчны хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох нь”, “Гэр бүл-хүүхэд” гэсэн үндсэн гурван сэдвээр 20 гаруй илтгэлийг хэлэлцэх юм. Шалгарсан илтгэлүүдээр ном гаргаж шийдвэр гаргах түвшинд хүргэн, судлаачдын бүтээл болгох аж.
Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “D&S” төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төрийн ордонд “Айл бүхэн жаргалтай байг” уриан дор гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулахаар болсон.
Үндэсний статистикийн хорооноос хийсэн Монгол Улсын хүн амын архины хэрэглээ болон, нөлөөллийн судалгаагаар өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол улсад согтууруулах ундааны үнэ нэмэгдсэн ч хэрэглээ буураагүй, ахуйн хүрээний архидалт ихссэн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх суурь шалтгаан болсон. Мөн Монголчуудын шар айргийн хэрэглээ 2, архины хэрэглээ 1.6 дахин нэмэгдсэнийг энэхүү судалгаа илтгэжээ. Архи согтууруулах ундааны үнэ өссөн ч хэрэглээ буурахгүй зүй тогтол байгаа нь үйлдвэрлэл, нийлүүлэлтээс шалтгаалахгүй хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж буйн нотолгоо гэж Үндэсний статистикийн хороо онцолсон нь Монголын нийгэмд ажилгүйдэл их, гэр бүлийн тогтворгүй байдал түгээмэл, иргэдийн олонх нь сэтгэл зүйн хямралд өртсөн зэрэг үндсэн шалтгаанууд АРХИНЫ ХАМААРЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БУЙ АЮУЛ гэж үзэх үндэстэй байна.
Иймд жил бүр ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ АРХИГҮЙ ӨДӨР болгон тэмдэглэж байх уриалгыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гаргажээ.
Түүнчлэн энэ тэмдэглэлт өдрийн хүрээнд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс Улаанбаатар хот болон салбар аймгуудаараа дамжуулан аймаг, сумын Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс, Өсвөр үеийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд бусад ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм байна.
1. Улаанбаатар хотын салбар: Нийслэлийн Өргөө амаржих газрын “А” зааланд 14 цагаас “Зөв хэвшилтэй залуу гэр бүл” өдөрлөгийг зохион байгуулна.
2. Булган аймгийн Сайхан сумын салбар: Аз жаргалтай, эрүүл гэр бүлийн төлөө хамтдаа уриан дор залуучууд гэр бүлийн гишүүдэд Гэр бүлийн тухай хууль, хүчирхийлэл, хорт зуршлаас сэргийлэх, эр хүний эрхэмлэх чанар, эзэгтэй нарын эрхэмлэх зарчим сэдвүүдээр сургалт явуулна. Мөн “Аав, ээж, би” дугуйн буухиа уралдааныг зохион байгуулна. Өдөрлөг тус сумын соёлын төвд 11 цагт эхэлнэ.
3. Орхон аймгийн салбар: Аз жаргалын дуут шувуухай захидлын уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулна. Мөн “Аз жаргалтай Эрдэнэт хот” өдөрлөгийг өсвөрийн үе тэнгийн сургагч багш нарын дунд зохион байгуулна.
4. Өмнөговь аймгийн салбар: Даланзадгад сумын 8-н багийн төв, Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл 110 гэр бүл, 220 иргэнийг оролцуулсан сургалт, уулзалтыг зохион байгуулж байна.
5. Сэлэнгэ аймгийн салбар: Аз жаргалтай гэр бүл өдөрлөгийг энэ сарын 8-наас 20-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
6. Архангайн Хашаат сумын салбар: “Зөвлөе, дэмжье, хамтрая, тусалъя“ өдөрлөгийн хүрээнд хөдөө багууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, сумын төвийн залуучууд, ахмад залуу гэр бүлүүдийг оролцуулсан “Миний гэр бүл “- сэдэвт тэмцээн, хөгжөөнт тоглоом, дартсын тэмцээн, дуу бүжгийн тэмцээнийг зохион байгуулна. Мөн “Давсгүй цай, хоол”–ны үзэсгэлэн гаргана.
7. Сүхбаатар аймгийн салбар: Гэр бүлээрээ бид аз жаргалтай өдөрлөгийг “Амжилтын талст” төвтэй хамтран зохион байгуулна.
8. Увс аймгийн салбар: “Гэр бүлийн үнэ цэнэ-үүрэг оролцоо” арга хэмжээг 5 сарын 01-нээс 15-ныг хүртэл зохион байгуулж байна.
9. Дорнод аймаг: Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нийгэмлэгийн үйл ажиллагааг сурталчлах, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн эерэг хүмүүжил, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох зэрэг сэдвүүдээр илтгэл лекц унших, шинээр гишүүн элсүүлэх ёслолыг хийнэ. Мөн “Залуу гишүүдийн дунд гэр бүл ба уур амьсгал” сэдвээр гар зургийн уралдаан зохионо.
10. Дархан салбар: Энэ сарын 18-нд “Гэр бүл аз жаргал” хэлэлцүүлгийг хол амьдардаг залуу гэр бүлүүдэд “Залуу ээжүүд” ТББ-тай хамтран зохион байгуулах юм. Мөн гэр бүл төлөвлөлт сэдвээр оюутны дотуур байранд амьдарч буй залуу гэр бүлүүдэд энэ сарын 1-15-ны хооронд сургалт зохион байгуулж байна.