Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч болзошгүйг анхааруулж байна.
2019 оны 05 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эгь-Үүр голын хөндийгөөр сэрүүсч 2-7 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 12-17 градус, говийн аймгуудын нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар дулаарч 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 19-21 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 31 хувь, агаарын даралт 852 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.