Шуудхан хэлэхэд Ц.Гарамжав, Н.Оюундарь, Н.Учрал нар шиг маань олон зуун баялаг бүтээгч, татвар төлөгч, бизнес эрхлэгчдийг “бизнесгүй болгох” дур зорго одоо хуульчлагдах гэж байна. Нэр төр, алдар хүнд хэдэн арав, зуун саяар үнэлэгдэхийн адил бусдын бизнес, өмч хөрөнгө, эдийн засгийн эрх чөлөө мөн л түүнээс багагүй үнэлэгдэж таарах биз ээ.
УИХ-аар хэлэлцэж буй Зөрчлийн тухай хуульд гишүүн Ц.Гарамжавын саналаар “бусдын нэр төр, алдар хүндийн эсрэг агуулгатай үзэл бодол илэрхийлэх” тохиолдолд 10-100 сая төгрөгийн торгуулийг ногдуулах заалт байнгын хорооны түвшинд дэмжигдсэн нь сүүлийн хоёр өдрийн дуулиан байлаа. Түүний энэхүү санал хоёр дахь удаагаа хэлэлцүүлэгт орж ирж буй нь энэ юм. Энэ удаад тэрбээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, олон нийтийн шүүмжлэл, шахалт, тайлбарт аргагүй хавчигдан саналаа татсан ч дахиад хэзээ нэг өдөр гурав дахь оролдлогоо хийх эсэхийг бид таашгүй…
Төрийн албан тушаалтны үйл ажиллагаа ил тод, зөв, цэвэр байх ёстой. Энэ зарчмыг сахиж чадаж буй эсэхээ албан тушаалтан тайлбарлаж, тайлагнах үүрэгтэй баймаар. Өндөр албан тушаалтан өөрт хамаатай аливаа хардлагад /гүтгэлэг байлаа ч/ тайлбар өгөх ёсзүйн үүрэг, хэм хэмжээг ардчилсан улс орнууд мөрддөг. Харин манайд эсрэгээрээ албан тушаалын нэр сүрээр далайлган шууд хуулийн хамгаалалтад орж, иргэний мэдэх, хардах, үзэл бодлоо илэрхийлэх эрх рүү халдах гэж байгаагийн сонгодог жишээ нь Ц.Гарамжавын санаархал боллоо. Түүний байр суурийг байнгын хороон дээр гишүүн Н.Оюундарь, Н.Учрал нар уухайлан дэмжсэнийг энд бас онцлууштай.
Эдгээр нэр бүхий гишүүдийг “нэг тогоонд” багтааж болох өөр нэг зүйл бий нь тэд ардаа чамлахааргүй бизнестэй. Тэдэнд бизнес эрхлэх, ашиг орлогоо өсгөх, эд хөрөнгө эзэмших эдийн засгийн эрх чөлөө бий, түүнийг нь бид хүндэтгэх ёстой, хуулиар хамгаалах ч ёстой. Сэтгүүлчдэд хэвлэл нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чухалтай адил тэдэнд болон бусад хэнд ч тэдгээр эрх нь чухал байж таарна. Үүнийг хэлэхийн учир нь гэвэл УИХ-аар хэлэлцэх гэж буй Эрүүгийн хэргийн тухай хуулийн төсөлд иргэдийн бизнесийн эрх чөлөөнд төр шууд халдаж болохуйц ноцтой заалт Засгийн газрын саналаар тусгагдчихаад явж байгааг л тэдэнд сануулах гэсэн юм.
Эрүүгийн тухай хуулийн төсөлд “Хуулийн этгээдэд хүлээлгэх ял”-ын дотор “эрх хасах”, “хуулийн этгээдийг татан буулгах” ялыг өргөтгөн нэмчихээд байгаа юм. 2015 оны Эрүүгийн хуулиар бол хуулийн этгээд, аж ахуйн нэгжид ердөө хоёр тохиолдолд “татан буулгах ял” оноохоор хуульчилсан байсан бол одоогийн төсөлд “албадлагын арга хэмжээ” гэдэг ойлголт шинээр бий болсон бөгөөд үүгээр “татан буулгах” ялыг хавтгайруулах бололцоо нээгдэж буй. Тодруулбал, шүүгч хуулийн этгээдийн үйлдэлд ял оноогоод, ялын үр нөлөө, зорилго хангагдахгүй байна гэж үзвэл дээр нь нэмээд албадлагын арга хэмжээ авч болно гээд заачихсан байгаа юм.
Энэ тохиолдолд жишээлбэл, аж ахуйн нэгжид татварын асуудлаар торгууль оноочихоод дээрээс нь татан буулгах ч бололцоотой болно гэсэн үг. Хамгийн ноцтой нь энэхүү татан буулгах арга хэмжээг шүүгчийн үзэмжээр шийдвэрлэх бололцоо үг, үсэгний ард нуугдаж байгаа явдал. Таны компаний зөрчилтэй үйлдэлд ял оноогоод зогсохгүй, эрх хасах, татан буулгах эрх мэдлийг ч хэрэгжүүлэх бололцоо нь үүгчийн гарт очих гэж байна. Аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл энд хамаагүй, хоолны газар, зочид буудал, шоу цэнгээн, барилга, боловсрол, тэрчлэн уул уурхай гээд чиглэлээс үл хамааран татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлж болно.
Ноцтой нь шүүгчийн үзэмж үүнд үлэмж хамаатай байхаар байгаа. Үүнийг дагаад авлига, хээл хахууль, дур зорго, өрсөлдөгчдийнх нь захиалга гээд өөдгүй зүйлс өндийж босох магадлалтай. Шуудхан хэлэхэд Ц.Гарамжав, Н.Оюундарь, Н.Учрал нар шиг маань олон зуун баялаг бүтээгч, татвар төлөгч, бизнес эрхлэгчдийг “бизнесгүй болгох” дур зорго одоо хуульчлагдах гэж байна. Нэр төр, алдар хүнд хэдэн арав, зуун саяар үнэлэгдэхийн адил бусдын бизнес, өмч хөрөнгө, эдийн засгийн эрх чөлөө мөн л түүнээс багагүй үнэлэгдэж таарна. Иргэнийхээ эрх чөлөө рүү хуулийн нэрээр хүчирхэг төр халдсаар байх тийм буулгыг Та бүхэн албажуулах гээд сууж байгаагаа ер нь мэдэж байгаа гэж найдья.
Эх сурвалж: