УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэн батлах үед нэр бүхий гишүүд 2017 оны Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл санаачилсан. Төсвийн тодотголтой хамт батлагдсан уг төсөлд Оюутолгойн мөнгөн гүйлгээг Монголоор дамжуулдаг болох тухай заалт бий. Өөрөөр хэлбэл, Оюутолгойгоос олборлосон байгалийн баялгийн төлбөр Монгол руу орж ирж, манай банкаар дамжин гарах ёстой гэж үзсэн. Гэтэл “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио тинто” компани ОУВС-д гомдол мэдүүлж, тус сангийнхан тогтоолын энэ заалтыг эргэж харах шаардлага тавьсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Манай Засгийн газрын ОУВС-тай хийж буй хэлэлцээ гацаанд орсон гэх мэдээлэл байна?
-Яалаа гэж. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баярсайхан бид хоёр сая АНУ-д очиж, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцоод ирлээ.
-Хэлэлцээ хэвийн үргэлжилж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Вашингтоны цагаар 28-нд (Монголын цагаар 29-нд шилжих шөнө) Захирлуудын зөвлөл хуралдана. Тэр хурлаар манай асуудлыг шийдэх байх гэж бодож байна.
-Тэр хуралд Монголбанкны ерөнхийлөгч, та хоёрыг оролцохоор явсан гэж ойлгосон.
-Бид сая урьдчилсан уулзалтуудаа хийчихээд ирсэн. Тавьсан шаардлагыг нь Монгол Улсын Засгийн газар биелүүлсэн. Одоо дахиж явах шаардлагагүй.
-Таныг төсвийн тодотголтой хамт батлагдсан хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг ОУВС-гийн зөвлөмжийн дагуу засахаар ирсэн гэсэн мэдээлэл гараад байна?
-УИХ-ын гишүүдээс санаачилсан, төсвийн тодотголтой хамт батлуулсан тогтоол байгаа. Үүнд Хөрөнгө оруулалтын тухай болон бусад хуультай зөрчилдсөн зүйл байх магадлалтай гээд хуульчид нягталж байна.
-“Рио тинто” компаниас ОУВС-д гомдол гаргасан юм болов уу?
-Бага сага зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гайгүй биз дээ.
-Энэ тогтоолтой холбоотойгоор төсөвт дахин “гар хүрэх” болов уу?
-Тэр талаар дүгнэлт нь гараагүй байна. Дүгнэлт гарахаар эргэж ярья.
-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хамрагдаж чадахгүй болчихож байгаа юм биш үү?
-Чадах байлгүй дээ. 28-нд батлагдана гэж найдаж байна.
-Тэр тогтоол нь хөрөнгө оруулагчдад үнэхээр халтай юм уу?
-Тийм байхыг үгүйсгэхгүй. Бид энэ чиглэлээр шинжээчид томилоод ажиллаж байна.
-Хөрөнгө оруулагчид энэ талаар манай Засгийн газарт гомдол гаргасан уу?
-Одоогоор тийм зүйл алга.
-Элчин сайдын яам нь мэдэгдэл гаргаж, Засгийн газарт хандсан гэсэн?
-Элчин сайдын яамд тодорхой хэмжээгээр асууж, сурагласан байх. Гадаад харилцааны сайдаас энэ талаар тодруулаарай.
Эх сурвалж: А.АМИНА