Улс төр

ИЗНН: Цэцийн шийдвэрийн дагуу 2020 оны сонгуульд оролцоно

Сонгуулийн ерөнхий хорооноос Иргэний Зориг Ногоон Нам/ИЗНН/-ыг Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгуульд  оролцох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгвэл тус намаас өнөөдөр (2019.05.13) зарим асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намаас 2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг ирүүлээгүй зэрэг үндэслэлээр СЕХ нөхөн сонгуульд бүртгэхээс татгалзсан юм.

Энэ талаар ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар тайлбарлахдаа “2016 оны сонгуульд ИЗНН-ыг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан ч бид бүх шатны шүүх дээр ялж, сонгуульд оролцсон. Намын тухайн үеийн генсек М.Хүрэлсүх тамга авч яваад өгөөгүй учраас зардлын тайлангаа хугацаанд нь гаргаж чадаагүй.

Иймд бид АТГ-т хандаж ямар нэгэн санаатай үйлдэл байгаа эсэхийг шалгуулна. Манай нам нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулсан ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бүрэн эрхээ эдэлнэ” гэлээ.

ИЗНН улстөрийн намуудыг татан буулгах хуулийн төслийг боловсруулж нэн яаралтай өргөн барих болсноо энэ үеэр хэллээ. Мөн Иргэний хяналтын тухай хуулийг боловсруулах, Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх, генетикийн нөөцийн тухай хуулийг нэн яаралтай батлах зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close