УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд түүний оронд Л.Өлзийсайханыг томилох асуудлыг өнөөдөр (2019.05.09) УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцлээ.
Эхлээд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 80.4 хувь нь, түүний оронд Л.Өлзийсайханыг томилуулах саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томиллоо.
Мөн дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, Д.Хүрэлбаатарыг гишүүдийн 72.7 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь гишүүдийн 87.3 хувийн саналаар Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиторт томилохоор болов.
Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан байнгын хороодын дарга нарыг томилсноор түр завсарлалаа. Тодруулбал,
-Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг 89.8 хувийн саналаар улираан,
– Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг 88 хувийн саналаар,
-Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг 82 хувийн саналаар улираан,
-Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг 81.6 хувийн саналаар тус тус дэмжлээ.