Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.05.09) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор болсон.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон Удирдлагын зөвлөлийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүлээн авч баяр хүргээд УИХ-ын Тамгын газрын тамгыг гардуулан өгөв. Тэрбээр шинээр томилогдсон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад ажлын амжилт хүсээд төрийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн Тамгын газрын хамт олноо хайрлаж, түшиж, тулж ажиллахыг захив.
Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.
Тэрбээр:
-1998-2002 онд МУБИС,
-2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш,
-2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх,
-2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх,
-2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга,
-2015-2017 онд шүүгч,
-2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх,
-2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын дарга,
-2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагч бөгөөд УИХ-ын Тамгын газрын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.