“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт уулзалтыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр зохион байгууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон төлбөртэй кино үзвэрийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд уг асуудлаар тодорхой хяналттай байж, олон нийтэд мэдээлэл түгээх ёстой гэдгийг уулзалтын үеэр онцолсон юм.
Тодруулбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн13.1.2 дахь хэсэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дуу, дүрс бичлэг хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерийн сүлжээг ашиглан сурталчлахыг хориглохоор тус тус хуульчилсан байдаг.
Мансууруулах бодис нь төв мэдрэлийн системд хамгийн олон янзын хортой нөлөө үзүүлдэг бодис юм.
Мансууруулах бодисын хор хөнөөлүүд:
Донтох зуршил: Мансууруулах бодисонд донтсон хүн бодисондоо дасч, үгүйлэн, хэрэглэхгүй бол бүх бие нь янгинан өвдөх тул бодисоо олж хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Ингэж хүний сэтгэц болон биед хортой нөлөө үзүүлдэг. Нойргүйтэн донгио болно.
Нүдний болор цайх: Хэдий чинээ их хэрэглэнэ, төдий чинээ нүдний хүүхэн хараа томорч, нүдний болор цайж сохрох аюултай.
Арьсны гэмтэл: Тарихад судас гэмтэнэ. Тариурын зүүгээр арьс олон газар хатгагдан урагдан гэмтэнэ. Хурууны арьс, хумс хөхөрч, цайж, өнгө алдан хуурайшина. Судас хагарах, халуурах, чичрэх явдал гарна. Тариагаар хийвэл ДОХ, шархлаа болно.
Элэгний өвчин: Элэг үрэвсэж өвчилнө. Элэгний хорт хавдар үүснэ. Элэгний В, С гипатит болно.
Амьсгалын замын өвчин: Уушигны хорт хавдар өвчинд илүү нэрвэгдэнэ. Уушигны үйл ажиллагааг муутган, уушигны багтраа өвчнөөр амархан өвчилж, амьсгал боогдуулна.
Бусад гэмтэл: Өсвөр насныханы өсөлт зогсоно. Эрэгтэй хүн байнга хэрэглэвэл элэгний ажиллагаа алдагдаж, үрийн шингэн багасна. Эмэгтэй хүн хэрэглэвэл дуу нь бүдүүрч, хөх нь жижгэрдэг.
Наслах хугацаа: Хэрэглэж эхэлсэн үөэс 7-10 жил, эсвэл 6-8 сар насалсан нь ч байдаг.
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭД ХОЛБОГДОХ ЯВДАЛ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
2018 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 412 хүнд холбогдох 199 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь урьд онтой харьцуулахад гэмт хэрэг 70 хувь холбогдогч 49.8 хувиар тус тус өсөж, нийт холбогдогчдын 85 хувийг 35 хүртэл насны хүүхэд, залуус эзэлж байгаа нь цаашид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын нас залуужих, насанд хүрээгүй иргэд холбогдох явдал нэмэгдэх хандлагатай байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, дэд хурандаа Г.Давааням хэллээ.
Эх сурвалж: ikon.mn