Кибер гэмт хэрэг, цахим орчинд бусдыг садар самуунд уруу татах гэмт хэрэгт дэлхий нийт анхаарал хандуулж байна. Даваа гаригт Сингапурын парламент Эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой хэд хэдэн заалтыг тусгажээ.
Тус улс одооноос хэн нэгний болон өөрийн биеийн нүцгэн гэрэл зургийг бусдад илгээж үзүүлэх, бусдыг айлгаж, дарамтлах, өшөө хонзон авахын тулд нүцгэн зургийг нь тараах гэх мэт үйлдлийг гэмт хэрэгт тооцох болов.
Хэн нэгний болон өөрийн биеийн нүцгэн гэрэл зургийг илгээвэл тав хүртэл жил шоронд хорих, мөн торгууль, саваадан шийтгэнэ. Бусдыг айлгаж, дарамтлах, өшөө хонзон авахын тулд нүцгэн зургийг нь тараавал нэг хүртэл жил шоронд хорих, эсвэл мөнгөн торгууль оноох юм байна.
Хэрвээ зураг хүлээн авагч нь 14 хүртэл насны хүн бол тухайн этгээдийн ял шийтгэл хүндэрч, хоёр хүртэл жил хоригдохоос гадна саваадуулах аж. Мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох, амиа хорлолтыг гэмт хэргийн жагсаалтаас хасах, секс хүүхэлдэйг хориглох зэрэг заалтууд нэмэгджээ.