Монголд хэчнээн ажиллаад ч амьдрахад бэрх. Нөгөө талаас ажил хийхгүй байсан ч амьдарч болдог гэх. Энэ бол өнөөгийн нийгмийн үнэн төрх. Үүнээс л содон асуулт, сонин гаргалгаа гаргах ёстой. “Шуурхай зар” сонины нэг өдрийн дугаарт “Ажилд авна” гэсэн зар 927 ширхэг гарчээ. Харин “Ажил хайж байна” гэсэн нь ердөө зургаа байна. 927-гийн эсрэг зургаа.

Манай компани л гэхэд долоо хоног тутамд ажилд авах зар нийтлүүлдэг. Шинээр ажилд авах хэрэгцээ нийт бүрэлдэхүүний дөрвөн хувиас хэтрэхгүй ч хүссэн хүмүүсийг сонгон шалгаруулж, хүний нөөцөө бүрдүүлдэг юм. Нэг ч гэсэн иргэн ажилтай, орлоготой байгаасай гэсэндээ. Учир нь манай улсын хүн амын 30 шахам хувь нь буюу 907 мянган иргэн, гурван монгол хүн тутмын нэг нь ядуу, нэн ядуу амь зууж байна. Ядуурлын эх үндэс нь мэдээж ажилгүйдэл. Ядуу ангилалд буюу амьжиргааны түвшнээс доогуур орлогтой нэг хүний бүтэн сарын амин зуулга нь 146 мянган төгрөг. Сарын туршид 45 702 төгрөгөөр хоол хүнсээ залгуулж, эрүүл мэнддээ 2278, сургууль боловсролд 3974 төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооныхон гаргажээ.

Нэг сая шахам монгол хүн сард нэг доллар хүрэхгүй мөнгөөр эрүүл саруул байж, эрдэм мэдлэгтэй болж чадах уу? Монголд өдгөө ажилгүй 105 мянган иргэн бий. Энэ нь манай хамгийн том аймгиийн нэг Хөвсгөлийнхөн бүгдээрээ ажилгүй, цалингүй байна гэсэн үг юм. Ажилгүй хэмээн бүртгүүлсэн иргэд өнгөрсөн гуравдугаар сарын эцсээр 31.8 мянгад хүрч. 2019 оны эхний улиралд ажилгүй 16.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, 2.7 мянга нь ажилд зуучлагдан оржээ. Харин 16.7 мянган хүн ажил идэвхтэй хайхаа больж, бүртгэлээс хасагдсан байна. Ажил хайгчдын тал хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөн, эсвэл халагдсан хүмүүс аж.

Сургуулиа төгсөөд гудамж “метрлэж”, лааз өшиглөж яваа 9000 залуу бий гэх. Тэдний дунд явуулсан нэгэн судалгаагаар залуучуудын 79 хувь нь буюу арван хүн тутмын найм нь Монголд биш, гадаадад ажиллах хүсэлтэй гэж хариулжээ. БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр дугаарлагсад улам олширсон нь үүнийг гэрчлэх ганцхан жишээ. Тус улсын визийн мэдүүлэг төлөөлөн гүйцэтгэх албан ёсны эрхтэй 10 байгууллагын нэгэнд л гэхэд өдөрт дунджаар 700-800 орчим иргэн виз мэдүүлдэг гэх. Хэрэв визгүй байсан бол бүгдээрээ чемоданаа баглаад маргааш нисэхэд ч бэлэн улс. Гадаад харилцааны яам Монголын 175 000 иргэн өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудад амьдарч байгаа гэсэн мэдээлэл өгч байна. Энэ бол багцаа тоо. Сүүлийн жилүүдэд албаны хүмүүс Монголын 300-400 мянган иргэн гадаадад оршин сууж байгаа гэж ярих боллоо.

Хэрэв манай улсын 300 орчим мянган иргэн буюу улсын хүн амын 10 хувь нь гадаадад оршин сууж байгаа бол Монгол нь эдийн засгийн дүрвэгсэдтэй, цагаачидтай улсын жагсаалтад бүртгэгдэхээр болжээ. Дүрвэгч, цагаач гэдгийн аль аль нь ямар нэг шалтгаанаар улсаа орхиж, гадаадын аль нэг оронд амьдрахаар шийдэн одогсдыг хэлдэг аж, харамсалтай.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Монголд 40 мянган ажлын байр эзэнгүй байхад эх орондоо хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол хэрхэн яагаад, хэзээ, хаана унтарч бөхөв. “Ажил хийвэл ам тосдоно”, “Хүн ажлыг голох биш ажил хүнийг голдог”…гэх мэргэдийн сургаал юуны учир хүчгүйдэж, сулрах болов. Монголчууд бусдаас залхуу байна уу, гэвэл бас үгүй. Солонгос, Япон, Европ, Америкт залуус ажлыг “гялалзуулж” өгч байна. Энэ бүхний цаана цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээний хол зөрүү нь залуусыг харийн оронд ажиллах сонирхлыг “өрдөж” буй гол шалтгааны нэг болж.

Монголууд Өмнөд Солонгост нэг өдрийн ажлын хөлсөнд 100-120 мянган вон авч байна. Эндхийн сарын цалингаа тэнд 5-6 өдөр ажиллаад олчихдог болохоор тийш хошуурах нь зүйн хэрэг. Цалингийн зөрүүнээс гадна сэтгэл зүйн болон урам зориг авах гэхчлэн өөр олон ч шалтгаан бий. Гэсэн ч цалингийн зөрүүг багасгахад улсаас хийх ажил, шийдэх асуудал олон. 200 залууг ажлын байраар хангаж яваа залуу хүний хувьд бас улсдаа татвар төлөгчийн хувиар хэдэн санал нэмэрлэе.

…Амьдрал хөөж би нутгаасаа л гарсан юм. Аргагүй л ажил гололгүй л хийсэн юм… гэж дуунд гардаг шиг 15 жилийн өмнө Голландад шал, жорлон, айлын гэр цэвэрлэж, зүлэг арчилж явсан үе надад бий. Мянган доллартой гарсан би эх орондоо 10 мянган доллартой ирж, бизнесийн гараагаа эхллүүлж билээ. Туулсан амьдралынхаа багахан туршлагад үндэслэн, үеийн залуустаа хэлэх үг, хийх дүгнэлт байна.

ХУГАРСАН УРАМ

“Бурмаар тэжээхээр урмаар тэтгэ” гэдэг. Надаас эхлээд өдөр бүр ажлаа хийж, байрны зээл, бусад өрөө төлөхийн тулд мянга мянган залуучууд мэрийн зүтгэж байна. Бизнес эрхэлдэг нь зөвшөөрөл нэртэй хориг саад, татварын хамгаалалтын хана хэрэмгүйгээр Монголыг эзэлсэн гадаадын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй эх орондоо тэнцвэргүй нөхцөлд хэр чадлаараа өрсөлдөж л байгаа. Гэтэл нэг ч өдөр бизнес хийж үзээгүй аль нэг түшмэл хэдэн тэрбумын хадгаламжтай, хэдэн зуун саяын бенз машинтай гэж ХОМ-тээ бөглөсөн тухай уншихад л урам зориг гэдэг хуга нуга явдаг. “Урмыг нь хугалахаар ууцыг хугал” гэдэг л болдог. Жинхэнэ ЖДҮ-чиддээ олдоогүй зээл, жирийн бизнес эрхлэгчиддээ хүртээлгүй бонд, төрийн албыг үнэлсэн барьсан гэх мэтийг үзэх, унших, сонсох бүрт итгэл гэдэг алдардаг юм, сэтгэл гэдэг цөхөрдөг юм. Мянга мянган залуусын хийж бүтээх хүсэл мөрөөдлийг хиртүүлж буртаглаж, эгэл жирийн боловч ажилч хичээнгүй, санал санаачилгатай олон мянган монгол хүний зүрх сэтгэл рүү хүйтэн ус цацдаг. Монголчууд өвөг дээдсийнхээ эзлэн дагуулж явсан улс орнуудад өнөөдөр аргагүй ажил гололгүй хийхээр хоёр зуун мянгаараа харлаж цагаачилж, байгаагийн сэтгэл зүйн үндсэн шалтгаан нь үүнийг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, шударга биш байгаа учраас шударга ёсыг хайж их нүүдэл хийж байна. Дээрээ суудлаа олохгүй байгаа учраас доороо гүйдлээ олох аргагүй. Монгол хүн бусад үндэстнээс залхуу юм уу? Тэгвэл яагаад Солонгост, Японд, Германд, Америкт, Чехэд, Шведэд, Голландад газар газрын хүмүүсээс огтхон ч дутахгүй, бүр илүү байж чаддаг юм бэ? Ажилдаа монгол нь илүү бүтээлч авъяастай гэж нэг биш солонгос үйлдвэрийн эзэн батлан ярихыг сонссон. Дотооддоо тоодоггүй ажлаа гадаадад голдоггүй нь зөвхөн цалингийн зөрүү биш илүү шударга ёс, шударга үнэлгээнд оршино гэж би боддог. Солонгосын 1997 оны эдийн засгийн хямралтай тэмцэх багийн ахлагч Юу Жүн Гын номондоо “Төрөлхөөсөө бусдаасаа залхуу, байгалиасаа илүү ажилсаг үндэстэн гэж үгүй. Шударга нийгмийн тогтолцоо, хөдөлмөрийн үнэн зөв үнэлгээ л үндэстний бүтээлч байх эсэхийг тодорхойлдог” гэж бичсэн байдаг юм билээ.

ХОРДУУЛСАН БУРАМ

Хүн бүхэн сайхан амьдрах хүсэлтэй. Жам ёсны хүсэл нь хөгжлийн тулах цэг. Гэхдээ хөшүүрэггүй тулах цэг. Өөрөөр хэлбэл бизнесийн орчин, татварын бодлого, дотоодын үйлдвэрээ хамгаалах хана хэрэм, хөнгөлөлтэй зээл. Өөрөө олсон боорцог илүү амттай. Хийж бүтээх хүсэл мөрөөдөл нь тэтгэх хөшүүрэггүй, дэмнэх аминдэмгүй байна. Популист улс төр хуурамч худлаа хайр халамж зарлаж, бэлэнчлэх сэтгэлгээний маркетинг хийнэ. Зам, гүүрийн барилгын ажилд өдрийн 50 мянгын цалин өгье, нэмээд халуун хоолтой гэхэд монгол ажилчин байхгүй гэнэ. Тэгээд гар утсаараа зураг авч, зам, гүүрийн ажилд язганасан олон хятадууд орж ирлээ гэж айн шуугицгаадаг. “Iphone”, “Samsung, “Huawei”-н шинэ загварын утас барих мөрөөдөлтэй юм бол тэр хятадын оронд сар ажиллаад хүссэнээ авах боловч ажиллахгүй. Бэлэн мөнгө, хонь мал, сүү сааль өгнө гэвч туслах малчин олдохгүй. Тэгсэн атлаа сумын төвөөр ажилгүй залуучууд дэлгүүрийн өмнө тамхи татаад зогсож байдаг. Амар хялбараар амьдрах, ажлаас хойш суух, бусдыг буруутгах, өөрийгөө өрөвдөж гонгинох зан өвчний голомт нь бэлэн хайр зарлах поп улс төр халдварлуулж байна. Улс төрд найдаж, ирээдүйгээ даатгаж гараа хумхиж суухаас өөрсдөө аж амьдрал, хувь заяагаа гартаа авч бүтээхийг яавал илүү ончтой уриалж сурталчлах вэ? Хөгжлийн бэрхшээлтэй Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн өөртэйгээ адилхан, зовлон жаргал нэгтнүүдээ ажилд авч, цалин өгдөг. Энэ хүний “Морьт хас” компани нь арьсан бүтээгдэхүүнээ “Оюутолгой”, “Тавантолгой” ХХК-д нийлүүлэх 100 саяын гэрээ байгуулсныг үзээд, зүгээр суугаа залуус ичих булчирхай нь зангирах биз. Хөгжлийн бэрхшээлтэй М.Чулуунцэцэг эгч адилхан зовлонтой дүүгийнхээ гэрт оёдлын цех ажиллуулж, ганц сэгсрээд дэлгэгддэг даавуун уут санаачилж чадсаныг үзвэл нэгийг бодно. Манайх М.Чулуунцэцэг эгчийн гэрт нь очоод хүссэн дөрвөн сая төгрөгийн зээлийг нь хөнгөлөлттэй олгосон нь бэлэг өглөг биш. Хэн хэндээ харилцан ашигтай, хамтын ажиллагаа. Зээл нь бага, үйл ажиллагаа нь жижиг ч нэг ч гэсэн монгол хүнийг хөл дээр нь босгох хөгжлийн сайн дурын гэрээ юм.

ҮЙЛДВЭРҮҮД ҮҮДИЙГ НЭЭХ АМИНДЭМ

Аль ч нийгэмд хүн ажил хийж, бүтээж амьдардаг. 30 жилийн өмнө 6000 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байсан 360 үйлдвэр комбинат хаалгаа барьж, хашаанд нь шарилж ургаж, тоног төхөөрөмж төмрийн хогонд Хятад руу ачигдаж, 100 гаруй мянган ажилчин хөдөлмөрийн цагаачдын анхдагчид нь болсон билээ. Хятад, Орос, Солонгос бүгд дотоодын үйлдвэрээ ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах татварын хана хэрэмтэй. Орос импортын бүтээгдэхүүнүүдэд 63, Хятад 125, Солонгос бүр 225 хүртэлх хувийн татвар оноож, өөрсдийн үйлдвэрлэгчдээ хамгаалдаг. Төр нь хүмүүсийнхээ ажлын байр, авах цалин, ашиг орлогыг хадгалж, хамгаалж байгаа бодлого нь энэ. Баялаг бүтээгчдээ дэмждэг зээл, дэмжлэг, бодлого энд ярьсангүй. Зөвхөн импортын татварын хамгаалалтыг нь хөндөхөд л ийм байна. Тиймдээ ч Монголын мах, хивс, савхи, ноолуур хойшоо, урагшаа өндөр үнээр хил давдаггүй нь ийм учиртай. Гэтэл манайд импортын бараа 15 хувийн татвартай, Замын-Үүдээр бол “УАЗ-469”-өөр босго тотгогүй шахам оруулж ирдэг. Дөнгөн данган хөл дээрээ тэнцэх гэж ядаж байгаа үйлдвэрүүдээ “өөрсдөө учраа ол” гээд “чадвал заяа чинь” гэж тавладаг. Монголд үйлдвэрлэж чадахгүй бол, Монголдоо өндөр цалинтай ажиллахгүй юм бол энэ улс мөнх оршихгүй.

Эрээнд монгол эмэгтэйчүүд хэвлий дэх эхсээ хүртэл зарж байгаа гэх. Эхэс идээд залууждаг гэж үздэг хятадууд эзэн Чингисийн үр удмыг шөл болгоод ууж байгааг үндэстний мөхөл гэхгүй өөр юу гэх ёстой вэ? Эх орондоо үйлдвэрлэж болж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнд импортын өндөр татвар тогтоож, хил гааль дээр нүд цавчихгүй хянаж чадвал Монголын үйлдвэрүүдэд аминдэм болно. Бүгдийг биш гэхэд чадахаа үйлдвэрлэж, зах зээлийг нь хамгаалж чадвал, залуучууд олноороо ажиллаж, айл өрх ч элэг бүтэн амьдарна. Үйлдвэрүүд ашигтай бол цалин өсөж, монгол хүн Монголдоо ажиллана. Монголдоо үйлдвэрлэж, Монголдоо ажиллацгаавал энэ улс хөгжих бус уу.

Монгол Улсын иргэн “Бичил Глобус” Санхүүгийн нэгдлийн Ерөнхий захирал Самдангийн ОТГОНБАТ

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “Монгол хүнээ Монголдоо яаж үлдээх вэ?”
  1. Яг үнэн хэллээ. Энэ хүн шиг шудрага хүн байна уу? Самдангийн Отгонбат Фэйсбүүк хаяг нь байвал өгөөч. Хамтарч дуу хоолойгоо хүргэх гэсэн юм.

  2. ЦАЛИНГАА НЭМ. ЭСВЭЛ ЯДАЖ МАХ 3000, БЕНЗИНЭЭ 1200 БОЛГОЧИХ ХЭН Ч ХААШАА Ч ГАРАХГҮЙ БАЯН БИШ Ч ДУНДАЖ АМЬДРААД ЯВНА

  3. Монгол хүн оюуны өндөр потенциалтай, хөдөлмөрийн чадвар өндөр, аливаа ажлын арга эвийг олохдоо сайн, техник сэтгэлгээтэй, байгалийн эрс тэс уур амьсгалд зохицсон, халуун хүйтэн ямарч нөхцлийг даван туулах чадвартай зэрэг олон давуу талтай ба Солонгос, Япон, АНУ гээд гадны аль ч оронд очоод ажиллахад ажлаар гологддоггүй харин ч миний мэдэхээр Солонгос зэрэг улсад Монгол хүн аливаа ажлыг амархан сурдаг, хэлний авъяастай, тамир тэнхээ сайтай, биеийн хүчний ажилд сайн, санаачлагатай, эзэмшиж байгаа машин, техникийн гэмтэл, доголдолыг өөрсдөө олоод засаад янзлаад явчихдаг гэх мэт сайн тал олонтой тул авч ажиллуулах дуртай байдаг. Харин нэг Монгол байхаар гэеүрээд байх шиг, 2 болгохоор хамтраад архи ууж эхэлдэг, 3 түүнээс дээш болгохоор зодолдож эхэлдэг гэж хошигнон ярьж байгааг сонссон юм байна.Бидний Монголчууд яагаад гадаадад ажиллах хүчин болж ажиллах сонирхол байна гэхээр ганцхан энэ цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийн асар их зөрүүнээс шалтгаалж байгаа нь үнэн юм. Цалин хөлсний энэ их зөрүүг ойртуулах талаар анхаарах, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого, төрөөс төрдөг тэрбумтануудын замыг хаах цаг болсон байна.Үнэнийг хэлсэн сайхан нийтлэл байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн