Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд гэхээр хэн бүхэн андахгүй биз ээ. Тэр ч байтугай дэлхий мэднэ ч гэж хэлж болох юм. Яагаад гэхээр тэр 19-хөн настайдаа дэлхийн аварга болж шуугиулсан хүн. Чөлөөт бөх миний амьдралын нэг чиг шугам гэж тэр хэлдэг юм билээ. Түүнтэй төсөрхөн ярилцлаа.
-Өөрөө ээж болоод дэвжээгээ түр орхиод эргэж иржээ. Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд барилдахдаа эхний тэмцээнээс хүрэл медаль авсан билүү?
-Тэгсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Румынд болсон 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцохдоо хүрэл медаль авсан. Энэ медаль минь их амттай санагдсан. Хойшид барилдахад ч урам өгсөн шүү. Бас тэр медалийг хүртсэнээр идэрчүүдийн ДАШТ-д барилдаж эхэлснээс хойш дөрвөн насны ангиллаас медаль авсан түүхэн амжилтад нэрээ бичүүлсэн дээ.
-Чөлөөт бөхөөр дэлхийн аварга болсон цөөн тамирчны нэг нь гэдэг сайхан алдар хүнд. Дэлхийн аварга болж алтан медаль авсаны дараа нэг удаа мөнгөн медаль хүртсэн байхаа.
-Тийм ээ. Анх 2013 онд залуучуудын ДАШТ-ээс алтан медаль аваад дараа жил нь насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртэж байлаа. Бас улсын аваргын гурван түрүүтэй.
-Одоо тэр медалийн буухиагаа үргэлжлүүлж яваад чинь баяр хүргэе. Бас Красноярскийн тэмцээний медалийн бүрэн цуглуулгатай болсон чинь саяхны амжилт биз?
-Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит барилдаанд 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль авч байсан бол энэ хавар алтан медалийг нь хүртлээ.
-Тэр барилдааныхаа тухай жаахан дэлгэрүүлээд ярихгүй юу?
-Шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын бөх Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр ялж шигшээ барилдаанд өнгөрсөн жил Оросын аварга болсон Ольга Хорошавцеваг 10:5-аар ялж алтан медаль зүүсэн. Иван Ярыгиний тэмцээн маш чансаа өндөртэй байдаг юм. Тиймээс ч “бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг.
-Саяхан Хятадад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд бас л медалийн буухиагаа алдсангүйг сонссон?
-Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Шиань гэдэг хотод болоход манай бөхчүүд хоёр мөнгө, таван хүрэл медаль авсан. Би 57 кг-д хүрэл медаль зүүлээ. Ер нь ээж болоод дахин дэвжээндээ гараад авсан медаль бүхэн л үнэ цэнэтэй санагдаж байна шүү.
-Өөрийн чинь спортын замналд амжилт л харагдах юм. Алдаа байсан уу?
-2013, 2014 онд ДАШТ-д миний хувьд гялалзтал барилдсан гэж болно. Харин Риогийн олимпийн өмнөх өрсөлдөөнд шалгарч чадаагүй. Гэхдээ би энэ алдаагаа өөрөөсөө л хайсан. Ганцаарчилж ажиллах дасгалжуулагч хэрэгтэйг ойлгосон. 2016 он надад хар дарсан зүүд шиг өнгөрсөн. Гэхдээ би огт гуньж гутраагүй. Одоо бол зорилгодоо хүрэхийн төлөө л барилдаж явна. Би ер нь алив юманд шантрахгүй л гэж боддог.
-Барилдахын зэрэгцээ өөр ямар авьяастай хүн бэ?
-Өө надад өөр авьяас байхгүй ээ. Чөлөөт бөх л миний чадах зүйл санагддаг. Чөлөөт цагаараа байгалийн сайханд аялах л дуртай даа.
-Спорт залуу насных гэдэг. Тиймээс тамирчид өөр ямар нэг мэргэжил эзэмшихийг зорьдог доо?
-Тэр үнээн. Би эмч болохыг мөрөөддөг. Гэвч одоо ХААИС-д маркетингийн чиглэлээр суралцаж байна. Гэхдээ эмч болох хүслээ гүйцэлдүүлнэ гэж боддог. Санаж явбал хүрнэ гэдэг үг бий шүү дээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
Bayr hurgii eej bolsond