Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр Цагааннуур тосгонд тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс арван нэг дэх удаагаа хуралдлаа.
Хурлыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан удирдаж, нөхцөл байдлын талаар болон өвчнөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Мэргэжлийн байгууллагын хийсэн мэдээллээр нэмж өвдсөн хүн одоогоор байхгүй, нэг, хоёрдугаар хавьтлыг олж тогтоох, өвчтөнтэй ойрхон байж үзлэг хийсэн эмч, асарч сувилсан эмнэлгийн байгууллагын ажилтнууд, ар гэрийн болон салах ёс гүйцэтгэхээр ирж байсан хамаатан садны хүмүүсийг хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна.
Нэгдүгээр хавьталтын 90 хүнээс шинжилгээ авсан, бүгдээрээ сөрөг гарсан, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Гэвч иргэд тарваганы муудсан өмхийрсөн үхдэл махыг, хот сууринд ил задгай газар хаяж, орхиж байгаа нь халдвар тархах эрсдэл үүсгэж байна гэсэн юм. Тийм учраас халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэхийг мөн хорио цээрийн дэглэм тогтоосон газраас зугтаж гарах, орох хөдөлгөөн хийхгүй, төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулахгүй байхыг онцгой анхаарууллаа.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар иргэдээс ирсэн өргөдөлтэй танилцаж, ар гэрээс нь хүн нас барж буяны үйлдэл хийх хүндэтгэн үзэх шалтгаантай 2 иргэний хүсэлтийг харгалзан үзэж салах ёс гүйцэтгэхээр ирсэн хүмүүст ариутгал, халдваргүйжүүлэлт хийж оруулж гаргахаар Онцгой комисс шийдвэрлэлээ.
Сануулахад Тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 160 дугаар тушаалын дагуу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн оройн 08:00 цагаас эхлэн 6 хоног хорио цээрийн дэглэм тогтоосон ба энэ хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй дахин тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмийг цуцлах бөгөөд энэ хугацаа нь өнөөдөр 20:00 цагт дусгавар болох аж.
ГОЛОМТЫН БҮСЭД МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР АРИУТГАЛ ХИЙВ
Аймгийн засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан 2019 оны 05-р сарын 03-ний өдөр 1-01/507 тоот албан бичгээр Эрүүл мэндийн сайдад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан голомтын бүсэд тандалт судалгаа болон ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх мэргэжлийн багийг холбогдох байгууллагаас томилон ажиллуулах тухай хүсэлт тавьсны дагуу Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс эмч нар ирж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа.